Эрчим хүчний зах зээл дэх өөрчлөлт Монголд боломж болох уу

.Graph
2026-04-06

Д.Ган-Очир (Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, дэд профессор)

Эрчим хүчний зах зээл дэх өөрчлөлт Монголд боломж болох уу

Олон улсын геополитикийн хурцадмал байдал эрчим хүчний зах зээлд дахин нөлөөлж эхэллээ. 2022 оны хоёрдугаар сарын 24-нд эхэлсэн Орос-Украины дайны дараа газрын тосны үнэ огцом өсөж, нэг баррель нь 100 ам.доллараас давсан өндөр түвшинд хэдэн сарын турш хадгалагдаж байсан бол шингэрүүлсэн байгалийн хийн үнэ мөн адил өсөж, дэлхий нийтэд эрчим хүчний хямрал нүүрлэж байв.

Энэ удаад ч мөн адил Иранд үүссэн нөхцөл байдлын дараа газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн үнэ өсөөд байгаа ч нүүрсний зах зээл дээр өмнөх шиг огцом савлагаа харагдахгүй байна. Түлшний нүүрсний үнэ ойролцоогоор 25 хувь, коксжих нүүрсний үнэ 20 орчим хувиар өссөн ч 2022 оны түвшинд хүрээгүй хэвээр байна.

Нүүрсний үнэ яагаад огцом өсөхгүй байна вэ

Шинжээчдийн үзэж буйгаар үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна.

Нэгдүгээрт, 2022 онд КОВИД-19-ийн дараах эдийн засгийн хүчтэй сэргэлт эрэлтийг огцом нэмэгдүүлж, нийлүүлэлтийн доголдолтой давхцсанаар үнийн өсөлт хурдацтай байсан. Харин энэ удаад дэлхийн эдийн засгийн өсөлт харьцангуй саармаг байна.

Хоёрдугаарт, өмнөх эрчим хүчний хямрал Европт төвлөрч, өвлийн улиралтай давхцсан тул халаалтын хэрэгцээ огцом өссөн. Харин одоогийн нөхцөл байдал Ази тивд илүү нөлөөлж байгаа бөгөөд энэ бүс нутагт халаалтын бус, цахилгаан болон шатахууны хэрэглээ давамгайлдаг онцлогтой.

Гуравдугаарт, сүүлийн жилүүдэд Европ болон Азийн зарим орнууд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг хаах бодлого баримталж ирсэн нь нүүрсний эрэлтийг тодорхой хэмжээнд бууруулсан. Гэсэн ч сүүлийн үед Филиппин, Япон, Өмнөд Солонгос зэрэг орнууд нүүрсний станцуудаа сэргээх, хязгаарлалтаа сулруулах хандлага ажиглагдаж байна.

Мөн коксжих нүүрсний хувьд БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт, гангийн үйлдвэрлэлийн сааралт нь үнийн өсөлтийг хязгаарлаж байгаа гол хүчин зүйл болж байна.

Зах зээлийн шинэ дохио: Өсөх хүлээлт бий юу

Сүүлийн үед Австралийн нүүрсний үнэ өсөх хандлагатай байгаа бөгөөд дэлхийн хамгийн том экспортлогч Индонез улс үйлдвэрлэлдээ хязгаарлалт тогтоохоо мэдэгдсэн нь зах зээлд нийлүүлэлтийн эрсдэл үүсгэж байна. Хэрэв Ормузын хоолойн бүс дэх нөхцөл байдал тогтворжихгүй бол эрчим хүчний үнэ цаашид өсөх хүлээлт хэвээр байна.

Монголд ямар нөлөөтэй вэ

Экспортын орлогын дийлэнхийг нүүрс эзэлдэг Монгол Улсын хувьд нүүрсний үнэ өсөх нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх боломжтой. Тухайлбал:

  • Экспортын орлого нэмэгдэнэ
  • Нефтийн импортын төлбөрийн дарамтыг зөөлрүүлнэ
  • Худалдааны нөхцөлийн муудалтыг багасгана

Гэсэн хэдий ч 2022 оны турш нүүрсний үнийн өсөлтийн үр өгөөжийг бүрэн хүртэж чадаагүй, төгрөгийн ханш 22 хувиар сулран, инфляц 16 хувьд хүрсэн гашуун туршлага бий. Иймд энэ удаагийн үнийн өсөлтийг бодит эдийн засгийн ашиг болгож чадна уу гэдэг нь бодлогын хэрэгжилт, ил тод байдлаас шууд хамаарах юм.

Эрчим хүчний зах зээл дахин савлаж буй энэ үед нүүрсний үнэ тодорхой хэмжээнд өсөх хүлээлт байгаа ч 2022 оных шиг огцом өсөлт хараахан ажиглагдахгүй байна. Харин Монголын хувьд газрын тосны үнийн өсөлтөд сандарч суухаас илүүтэй нүүрсний экспортын бодит үнийн өсөлт, боломжийг хэрхэн ашиглах нь илүү чухал болоод байна.

Зах зээл өөрийн жамаар ажилдгаараа ажиллана. Харин тэр дунд боломжийг ашиглах эсэх нь бодлого, хяналт, ил тод байдлаас шалтгаална.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe