“Туул голоо хамгаалъя” хөдөлгөөн энэ сарын 21-ээс хойш үргэлжилж байгаа билээ. Тус хөдөлгөөнийнхөн энэ сарын 1-25-нд Д.Сүхбаатарын талбайд 500 хүртэл хүнтэй жагсаал зохион байгуулах талаараа бүртгүүлэхээр Сэтгүүлч О.Ариунбилэг СБД-ийн Засаг даргад мэдэгдсэн байна.
Жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хуульд "Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ" хэмээн заасан байдаг.
Харин Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас уг хугацаанд нийслэлийн Засаг даргын Тамгын газар олон нийтийн арга хэмжээнүүд зохион байгуулж байгаа тул давхар жагсаал, цуглааныг бүртгэх боломжгүй гэж мэдэгдсэн. Мөн албан ёсны зөвшөөрөлгүйгээр арга хэмжээ зохион байгуулах тохиолдолд үүсэх аливаа хохирол, сөрөг үр дагаврыг зохион байгуулагч тал бүрэн хариуцахыг анхааруулжээ.
Гэтэл бүртгэхгүй байх тодорхой тохиолдлыг хуульчилсан дотор дээрх үндэслэл байхгүй. Хуульд:
шүүхийн болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогсоогдсон буюу татан буугдсан, эсхүл албан ёсны бүртгэлгүй улс төрийн нам, төрийн бус байгууллага жагсаал, цуглаан хийх мэдэгдэл гаргасан бол
нисэх онгоцны буудал, төмөр замын бүх өртөө, буудал, нийслэлийн зорчигч тээврийн төв буудал, цэрэг, цагдаагийн болон төрийн хамгаалалтад байгаа газар, радио телевизийн нэвтрүүлэг явуулдаг байгууллага, аймаг, нийслэл дэх төв холбооны газар, олон улсын буюу үндэсний яармаг, үзэсгэлэн зохион байгуулж байгаа байгууллага, хот суурин газрын хүнсний болон барааны зах, эмнэлгийн байгууллага, Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайн Төрийн ордны нутаг дэвсгэрт хамаарах хэсэг, төрийн тусгай хамгаалалтын байнгын бүсэд тус тус зохион байгуулах бол
дайн сурталчлах, үндэстэн ястны хооронд хагарал гаргах буюу үндэс угсаа,хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах, аллага, хядлага, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг уриалах
үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журамд хохирол учруулж эмх замбараагүй байдал бий болгох
5Зохих журмын дагуу бүртгэгдсэн жагсаал, цуглаан хийх газарт мөн цаг хугацаанд түүний эсрэг агуулга, зорилготой өөр жагсаал, цуглаан давхардуулан хийхийг хориглоно.
Гудамж, талбайд өлсгөлөн зарлахыг хөндлөнгөөс зориуд зохион байгуулахыг хүний амь нас, эрүүл мэндийг үл хайхарсан хүмүүнлэг бус үйлдэл гэж үзэж хориглоно хэмээн тус тус тодорхой заажээ.
НЗДТГ-аас зохион байгуулах үйл ажиллагаатай давхцах нь дээрх дурдсан зохицуулалтын аль ч биш тул СБД-ийн Засаг дарга М.Алтангэрэл хууль бусаар уг жагсаалыг бүртгээгүй байна.
Энэхүү шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 өдрийн дотор зохион байгуулагчид шүүхэд хандах эрхтэй.
Ташрамд дурдахад, өнгөрсөн онд ЕС асан Л.Оюун-Эрдэнийг огцроход хүргэсэн "Орлогоо нотол" жагсаал Номын баяр, Сагсан бөмбөгийн тэмцээн, яамны өдөрлөг зэрэг олон арга хэмжээтэй давхцан зохион байгуулагдаж байв.
Бүртгүүлээгүй жагсаал, цуглааныг Засаг дарга албадан тараах эрхтэй байдаг тул энэ мэт хууль бус шийдвэр Үндсэн хуульд заасан иргэний эрхийг хязгаарлаж буй хэрэг юм.
Сэтгэгдэл үлдээх