АНУ, Ираны талууд хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоох тохиролцоонд хүрлээ

.Graph
2026-04-08

Өчигдөрхөн нэг өдрийн дотор тохиролцоонд хүрэхгүй бол Ираныг бүхэлд нь сүйрүүлнэ хэмээн сүрдүүлээд байсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай гал зогсоох тохиролцоонд хүрснээ мэдэгдлээ.

Хоёр долоо хоногийн хугацаатай энэхүү тохиролцоо Пакистан улсын Ерөнхий сайд Шахбаз Шариф болон Дээд маршал Асим Мунир нартай хийсэн ярианы үндсэн дээр хийгдсэн гэдгийг мөн уг мэдэгдэлдээ дурдлаа. Энэ хугацаанд хоёр тал гэрээ хэлцэл байгуулж чадна гэж бодож байгаа аж.

Харин Израилийн талаас одоогоор гал зогсоох тухай ямар ч мэдэгдэл гаргаагүй бөгөөд уг тохиролцоонд хэрхэн оролцсон нь тодорхойгүй байна.

Трамп мэдэгдэлдээ, “Бид Иранаас 10 заалт бүхий санал хүлээн авсан бөгөөд үүнийг хэлэлцээ хийх боломжтой суурь гэж үзэж байна. Өмнө нь маргаантай байсан бараг бүх асуудлаар АНУ болон Ираны хооронд ойлголцолд хүрсэн бөгөөд хоёр долоо хоногийн хугацаа нь уг хэлэлцээрийг эцэслэн баталгаажуулах боломжийг олгоно” гэлээ.

Түүнийг ийн мэдэгдэж, Ормузын хоолойг нээсний дараа сүүлийн дөрвөн жилд байгаагүй үнэд хүрээд байсан газрын тосны үнэ буурч эхэлжээ. Өнөөдрийн байдлаар брент маркийн түүхий газрын тосны үнэ баррель нь 95 ам.доллар байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe