АТГ: Л.Оюун-Эрдэнийн өгсөн гомдол үндэслэлтэй байсан тул хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн

.Graph
2026-04-08

АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгчээ. Үүнд олны анхаарал татсан хэд хэдэн хэргийн талаар мэдээлэв. 

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярыг “Бодь” группээс авлига авсан гэж Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ мэдээлж, холбогдох баримтыг АТГ-т хүргүүлээд байгаа. Энэ дагуу АТГ-аас хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22,4,3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах гэсэн зүйл ангиар шалгаж байгаа аж. Гомдол нь үндэслэлтэй байсан тул хэргийг шалгаж эхэлжээ. Энэ тухай Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс 4 цагийн турш мэдүүлэг авчээ.

Харин ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяраас мэдүүлэг аваагүй байгаа гэв. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр ордонд сэтгүүлчдэд өөрийн байр суурийг илэрхийлжээ.

Ингэхдээ Б.Энхбаяр: "Би энэ асуудалд маш тэвчээртэй, хүлээцтэй, хандаж байгаа. Би нэг л юм хэлье. Муу зүйлд сайн зүйл байдаг. Миний ярьж байсан асуудлууд хэрэв гэм буруутай нь нотлогдоод хууль шүүхийн байгууллагад очвол Б.Энхбаяр хэлмэгдүүллээ гэж ярина. Намайг хахууль авсан гэх асуудал нотлогдсонгүй гэвэл хууль зүйн сайд өөрөө албан тушаалаа ашиглаад өөрийнхөө хэргийн шалгуулахгүй устгалаа гэдэг улс төр явна. Энэ улс төржилт, мушгин гуйвуулалт, дахиж гүтгэх энэ бүх юмнаас би биш Монгол Улсын Засгийн газар сэргийлэгдэх сайн зүйл болж байна гэж би харж байгаа. Би гүтгэлэг байна гээд нэмэргүй, хуулийн байгууллага ажлаа хийнэ. Үнэхээр тийм бичлэг байгаа бол дэлгэ" гэлээ.

Мөн энэ хэрэгтэй холбоотой А.Амундраатай АТГ-аас холбогдож цахимаар дуудан ирүүлэх хуудсыг өгчээ. А.Амундраа гэрчийн хамгаалалтад оруулбал ирж мэдүүлэг өгч, авлигын хэргийг илчилнэ гэж өөрийн цахим хуудаснаа мэдэгдээд байгаа юм.

   Харин Л.Оюун-Эрдэнийг 4 хэргээр АТГ шалгаж байгаа гэсэн мэдээлэл мөн цахим хуудсанд явж байгаа. Энэ тухай АТГ-аас тодруулахад тодорхой мэдээлэл өгсөнгүй.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe