М-Си-Эс Групп БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк КакаоБанктай стратегийн түншлэл байгууллаа

.Graph
2026-04-09

2026 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр КакаоБанкнаас М банканд стратегийн хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ кредит скорингийн загварыг илүү боловсронгуй болгох, бүтээгдэхүүний зөвлөх үйлчилгээ зэрэг олон чиглэлд талууд хамтран ажиллахаар тохиролцлоо.

М банк нь М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалтаар 2022 онд үүсгэн байгуулагдсан Монголын анхны бөгөөд цорын ганц дижитал банк юм.

КакаоБанк нь Тайланд, Индонез зэрэг Зүүн Өмнөд Азийн зах зээлд хамтын ажиллагааг бэхжүүлж, үйл ажиллагаа нэвтрүүлсэн туршлагадаа үндэслэн Төв Азийн зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэвтрүүлэхээр зорьж буй бөгөөд энэхүү түншлэлийн хүрээнд М банк нь олон улсын түншүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлээд зогсохгүй, дижитал банкны олон улсын шилдэг туршлагыг бүтээгдэхүүн, үйлчилгээндээ тусгах боломж бүрдэж байна.

КакаоБанкны зээлийн онооны загвар нь эрсдэлийн удирдлагын системд үндэслэн дунд болон бага зээлийн түүхтэй, зээлийн түүхгүй харилцагчдад 15 их наяд гаруй вонын зээл олгосон бөгөөд хамтын ажиллагаагаар дамжуулан КакаоБанк энэхүү технологи болон туршлагаа Монголын зах зээлд хуваалцах юм.

Монгол Улсын интернэт хэрэглээний түвшин, санхүүгийн дэд бүтцийн хөгжлөөс хамааран дижитал банкны салбар хөгжих бүрэн боломжтой зах зээл юм. Гэвч хэрэглээний дундаж нас 31.5 байгаа нь хүн амын зээлжих онооны үнэлгээ хийхэд хангалттай санхүүгийн түүхгүй байх магадлалыг бий болгож байна. Иймд хоёр байгууллагын хамтралын дүнд алтернатив кредит скоринг-д суурилсан шинэ зээлийн үнэлгээний системийг хамтран хөгжүүлэх боломжийг нээж байна. Түүнчлэн КакаоБанк нь харилцаа холбоо, санхүү, жижиглэн худалдаа гэх мэт олон салбарт үйл ажиллагаа явуулдаг М-Си-Эс Групптэй хамтран Монголын зах зээлд тохирсон алтернатив кредит скоринг моделийг хөгжүүлж, Монгол Улсын дотоодын санхүүгийн тогтолцоонд инновацлаг экосистемийг бий болгохоор төлөвлөж байна.

М-Си-Эс Инвестмент ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мягмаржав:

  • КакаоБанктай хамтран ажилласнаар Солонгосын тэргүүлэгч, дижитал банкны шинэлэг технологи, санхүүгийн туршлагыг Монголдоо нэвтрүүлэх боломж бүрдэж буй бөгөөд стратегийн түншлэлийг бэхжүүлж, банк, санхүүгийн салбарт шинэ туршлагыг нэвтрүүлж буйд таатай байна.

М банкны Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн:

  • Энэхүү стратегийн түншлэл нь Монголын санхүүгийн салбарт шинэ стандарт тогтоож, илүү хүртээмжтэй, ухаалаг шийдлүүдийг харилцагчдадаа хүргэнэ гэдэгт итгэлтэй байна. 

КакаоБанкны Гүйцэтгэх захирал Юн Хо Юнг:

  • КакаоБанкны технологи, эрсдэлийн удирдлагын тогтолцоог Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлснээр Монгол иргэдийн санхүүгийн хүртээмжийг сайжруулах, Монгол Улсын дижитал санхүүгийн инновацыг хурдасгахад хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Цаашлаад энэхүү хамтын ажилагаа нь бидний Төв Азийн зах зээлд нэвтрэх үндэс суурийг тавьж, дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэх том боломж гэж харж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe