Эрх мэдлийн төлөөх тэмцэл хаа сайгүй ид өрнөж, энд тэнд оч үсэрч байх зуур ганц л хүн тойргийн гадна зогсож байх юм. Уг нь саяхан л Ардчилсан намын лидер, намын дарга хүртэл хийж улс төрчийнхөө хувьд оргил дээр зогсож байсан даг. Гэвч хүний үг авдаггүй, зөрүүд нэгнийг шударга бусын нэртэй хүйтэн хонгилоор чирдэг болсноос хойш хамгийн удаан тэр хонгилоор алхаж яваа хүн бол тэр. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд түүнийг “Хөгжлийн банк”-ны гэх хэрэг сүүдэр шиг дагасаар ирсэн. Хэдэн жилийн шалгалт, шат шатны шүүх хурлаар явж эцэст нь энэ жил цагаадаад байлаа. Гэхдээ 2027 оны Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэний дараа цагаатгасан шийдвэр гаргаад байсан прокурорууд нь гэнэт эсэргүүцэж шүүх мөрдөн байцаалтад хэргийг нь буцаах шийдвэр гаргасан. Ингээд хонгилынхоо гарах хаалгыг хэнээс ч сайн мэддэг бүр түлхүүрийн эзнийг нь хүртэл нэрлээд амжсан тэрээр дахиад л нөгөө хонгилдоо төөрөв. Төөрүүлэв ч юм уу. Хоржоонтой байгаа биз. Алга эргүүлэхийн зуур амьдрал гэдэг шиг алд хүрэхгүй цаасан дээрх шийдвэр улс төрчийн замналыг орвонгоор нь эргүүлж байх юм. Хонгилыг ярьсаар байгаад өөрөө хонгилын эзэн мэт эндүүрэгддэг болсон тэр хүн бол Н.Алтанхуяг юм.
Түүнийг прокурор, шүүхийн үүд сахиж байх хойгуур Ардчилсан нам дотоод сонгуулиа хийгээд, Үндэсний бодлогын хорооны хурлаа зохион байгуулаад явж байна. Ерөнхийлөгчид нэр дэвших хүнээ хэрхэн тодруулах талаар журмаа мөн ярилцаад... Гэтэл сар гаруйн өмнө Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл сонгогдох магадлал хамгийн өндөр гэсэн судалгаанд бичигдэж Н.Алтанхуяг үүдээр нь ч шагайсангүй. Намынхаа хуралд очихгүй, дотоод сонгуулийн үеэр ч харагдахгүй мань хүн нугасны муухай дэгдээхэй шиг бусдынхаа цочооноос болоод өөрийгөө тусгаарлачхав уу эсвэл өөрөө зөрүүдлээд буруу хараад суучихсан уу. Угийн хувийн тоглолт ихтэй хүн бүр тэр чигтээ таг болоод өгөв. Энэ хооронд намын дарга О.Цогтгэрэлийн “Нэг монгол” фракц нам дотор удирдлагуудаа түүгээд хайрцаглаад амжлаа.
Янз янзын л зүйл яригдаж эхлээд байгаа. С.Баярцогтыг Ерөнхийлөгч болгохоор Ардчилсан намтай одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тохирчихсон гэж Л.Оюун-Эрдэнэ ярьсан. Нэгэн цагт хамгийн ойрын хүн нь байсан Л.Оюун-Эрдэнэ гадарласан болоод л ингэж ярьсан байх. Харин нам дотроос нь Н.Алтанхуягийг дэмжсэн хүмүүс цөөнгүй байгаа тухай яриа мөн гараад амжсан. Зарим нэг хүмүүс ил тод Н.Алтанхуягийг дэмжиж байгаа гээд яриад ч явж байлаа. Энэ дунд Л.Гантөмөр ч дэвших амбицтай байгаагаа илэрхийлчхээд албан ёсоор биш ч нэрээ татах маягтай болоод явчихсан. Гэтэл сүүлийн үед О.Цогтгэрэл өөрөө санаатай байгаа тухай яриа гарч эхлэв. Тийм ч учраас Нийслэлийн Ардчилсан намын даргад өөрийн хүн болох Б.Ган-Очирыг өрсөлдөгчгүйгээр тавиулсан. Тавиулсан гэдэг учир нь түүнтэй хамт УИХ-ын гишүүн Ө.Шижир өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байсан ч удалгүй нэрээ татчихсан. Яриа сонсоход Ц.Баатархүү гэх мэт хүмүүс Ө.Шижирээс нэрээ татахыг гуйсан байгаа юм. Ингээд галаар тоглодог жүжигчин Б.Амарсайханыг дуурайж олон нийтэд нүдлэгдсэн Б.Ган-Очир дарга болов. О.Цогтгэрэл намынхаа Ерөнхийн нарийн бичгийн даргаар хүртэл өөрийн фракцын хүнээ тавьсан. Олон фракц байдаг Ардчилсан нам нэг хүний удирдлага дор ажилладаг МАН шиг болж хувирах нь тэр. Ингэж байж өөрөө 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжоо хадгална гэж тооцож байгаа юм байлгүй. Хэрвээ яриа үнэн бол шүү дээ.
Муухай дэгдээхэй харин нөгөө л нэг хонгилоо ярьсаар. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сэдэв нь өдрөөс өдөрт үгүй болж байна. Тэгэхлээр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилтээс түүний нэр хасагдсан байж магадгүй юм. Хөгжлийн банкны гэх хэргээр нь зулгааж байгаад тойргоос гадуур үлдээх юм байлгүй. Мань хүн ч буугаад өгчихсөн мэт чимээгүй болчхов. Нэр нь үлдсэн бол намынхаа ажилд идэвхтэй оролцож ойр зуурын пи араа хийгээд явж байх байсан биз. Намын дотоод үйл ажиллагаа энэ хүнд огтхон ч хамаагүй гэдгийг фейсбүүкээрээ дамжуулан ярьдаг зүйлийнхээ эхэн хэсэгт Ардчилсан нам хуралдсан байна гэж ганц өгүүлбэр хэлээд орхиж байгаагаас л харж болно. Намдаа гомдоод өөрийгөө тусгаарлаад байна уу эсвэл намын удирдлага нь өөрсдөөсөө түлхээд байна уу. Саяхан л босоо ороолон гэх сүрхий гарчигтайгаар нэвтрүүлэгт орж явсан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид нэр дэвших улс төрөөс гарч нугасны муухай дэгдээхэй болон хувирлаа.
Ер нь Ардчилсан намаас хэн дэвших нь тун бүрхэг болоод ирж байна. О.Цогтгэрэл өөрөө дэвших юм бол нөгөө талаас сул хүн тавьж өгнө гэж байсан анхны яриа үнэн байж мэдэх л юм. Н.Алтахуягтай адил С.Баярцогт тойргоос гадуур үлдэх магадлалтай болоод ирлээ. Дахиад хэд хуваагдчихгүй л бол уг нь боломж тэдэнд бий. Гэхдээ нэг л учраа олохгүй байна уу даа...
Сэтгэгдэл үлдээх