Парламентын дархлаа. Энэ үг сүүлийн үед гишүүдийн амны уншлага болчихлоо. Энэ үгийг хэлсэн хүн шударгын туйл мэт ч харагддаг болж. Гэхдээ манай улс төрчид нэг өдрөө зөв яривч нөгөө өдрөө буруу үйлдэж явдаг гэмтэй. Үүний нэг бодит жишээ бол Л.Оюун-Эрдэнэ. Тэрээр сүүлийн үед Ерөнхийлөгч парламентын дархлааг сулруулж, хууль тогтоох дээд байгууллагыг дарамталж эрхэндээ оруулсан талаар ярих боллоо. Энэ зөв үү, буруу юу гэдэг тусдаа асуудал. Харин Л.Оюун-Эрдэнэ өөрөө парламентдаа хэрхэн ханддаг, хандаж ирсэн гишүүн бэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдана. Учир нь, тэрээр засгийн эрхийг таван жил барьсан Ерөнхий сайд асан. УИХ-ын гишүүг ч байсан. Энэ хугацаанд Л.Оюун-Эрдэнэ өөрөө парламентын дархлааг Ерөнхийлөгчөөс дутуугүй сулруулсныг гурван баримтаар хэлье.
Засгийн газраас УИХ-д яаралтай горимоор хууль өргөн барьдаг. Бидний сайн мэдэх Үндэсний баялгийн тухай, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах, 2025 оны Төсвийн тухай хууль гэх мэт хуулиудыг яаралтай горимоор өргөн барьж, батлуулж байсан. Нэн яаралтай горимыг ашиглаж хамгийн их хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлсэн парламент нь 2020-2024 оны парламент. Энэ хугацаанд нэн яаралтай горимоор өргөн барьсан хуулийн төсөл өмнөх парламентаас 2.4 дахин нэмэгдсэн байна. Л.Оюун-Эрдэнийг засагласан хугацаа ч үүнд багтана. Ийнхүү Засгийн газраас хууль орж ирж, УИХ нь үг дуугүй баталж өгсөөр сүүлдээ “УИХ-ыг Засгийн газрын хуулийн хэлтэс шиг ажиллалаа” гэж гишүүд шүүмжилж байсан.
Яаралтай горим бол хууль зөрчсөн үйлдэл биш. Гэхдээ энэ горимоор орж ирсэн хуулийн хэлэлцүүлэг дутуу болж, ард иргэд бүрэн мэдээлэл авч чаддаггүй. Парламент байгаагийн гол учир бол хэлэлцүүлэг, мэтгэлцээн. Ийм зүйлгүйгээр хүч түрэн хуулийг батлуулж буй бол парламентын дархлааг сулруулсан үйлдэл. Л.Оюун-Эрдэнэ энэ үйлд гар бие оролцож, хүчээр хууль батлуулж явахдаа парламентын дархлааг бодсон болов уу?
УИХ-ын гишүүн давхар Засгийн газрын сайдаар ажиллавал “давхар дээл” нөмөрсөн гэсэн үг гэдгийг бүгд мэднэ. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ УИХ дахь давхар дээлтэй гишүүний тоог хязгааргүй болгох ажлыг гардаж хийсэн юм. 2019 оны ҮХНӨ-өөр УИХ дахь давхар дээлтэй гишүүний тоог 4-өөр хязгаарласан. Учир нь, Засгийн газрын гишүүд бүгд УИХ-ын гишүүн байхаар Засгийн ажлыг явуулахын тулд бүгд нийлж дайраад хуулиа батлуулчихдаг. Харин бүгд давхар дээлгүй байхаар Засгийн ажил УИХ дээр орж ирээд унаад ажил урагшлахгүй байна гэж үзсэн. Ингээд судалгаа, хэлэлцүүлэг, мэтгэлцээний үр дүнд давхар дээлтэй гишүүний хязгаарыг 4 байхаар тогтоосон. Гэвч үүнийг 2022 оны ҮХНӨ-өөр бүрэн өөрчилж, хязгааргүй болгосон. Үүнийг гардаж хийсэн хүмүүс бол Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд нар билээ.
Ингэснээр сайд нар бүгд давхар дээл нөмөрч, УИХ-д олуулаа болсон. Мөн л урьдын жишгээр олуулаа нийлж ажлаа хүч түрж явуулдаг, чуулганаа тасалдаг болчихсон. Парламентын хамгийн чухал зүйл бол хяналт. Баталсан хууль, тогтоолыг нь Засгийн газар яг зөв хэрэгжүүлж байна уу үгүй юу гэдгийг эргээд хянах ёстой. Ингэж сайд нарыг хянах ёстой УИХ-ын гишүүд нь өөрсдөө сайд болчихсон явж байгаа. Тодорхой хэмжээнд хяналт алдагдаж байгаа гэсэн үг. Энэ өөрчлөлтийг хийж байхдаа Л.Оюун-Эрдэнэ парламентын дархлааг бодолцож үзсэн болов уу?
Төсвийн зардал 2020 онд 13.9 их наяд төгрөг байсан бол 2025 онд 35.8 их наяд болж, 3 дахин орчим тэлжээ. Л.Оюун-Эрдэнийн засагласан хугацаа гэсэн үг. Тэрээр ийм их мөнгийг зарцуулчхаад нүдэнд харагдаж, гарт баригдах ямар ажил хийсэн бэ. Магадгүй төмөр зам барьсан гэх байх. Гэвч хил холболтыг хийгээгүй, ажлаа дутуу үлдээсэн.
УИХ-ын гол ажил бол төсөв батлах, түүнийг хянах. Гэтэл тэрээр төсвийг яаралтай горимоор өргөн барьж, олонх намын дарга учир хүч түрэн батлуулж явсан. Үүний үр дүнд парламент улс орны төсвийн бодлогыг барьж чадсангүй, эргээд түүнийгээ хянаж, хариуцлага тооцож чадсангүй гэдэг нэр зүүсэн. Тавын таван жил 3 дахин тэлсэн төсвийг үрж байхдаа Л.Оюун-Эрдэнэ парламентын дархлааш бодсон уу?
Дээрх баримтуудаас харахад Л.Оюун-Эрдэнэ парламентын амин чухал зүйл болох хэлэлцэх, мэтгэлцэх замаар хууль батлах, төсөв батлах, хянах эрхийг уландаа гишгэж явжээ. Тэгсэн мөртлөө яагаад одоо парламентын дархлааг яриад байна вэ гэвэл цэвэр эрх ашиг юм. Тэр хэрвээ ард түмнээ, парламентын засаглалаа үнэхээр л боддог байсан бол өнгөрсөн жилүүдэд ийм зүйлийг хийхгүй байх байсан. Энэ бол түүний хожимдсон ухаарал ч биш. Энэ бол зүгээр л эрх мэдэл олж авах гэсэн л оролдлого.
Сэтгэгдэл үлдээх
Би үүнтэй санал нэг байна,дээр нь бас нэг зүйл нэмэхэд унтаж босоод шөнө зүүдэлсэн зүүдээ өглөө босоод тулгадаг шиг УИХ-ыг намын дарга,ЕСайд гэдгээрээ түрий барин өөрийнхөө бодлыг шууд тулгаж шийдвэр
Зочин
Дэмжих үү?
1 0