Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалыг тойрсон асуудал Японд гэлтгүй Монголд ч олны анхааралд байна. Тэгвэл яг юу болсон талаар эхнээс нь тайлбарлая.
2022 он
Хакүхо М.Даваажаргал зодог тайлахдаа Миягино дэвжээний эзэн, өөрийн багш Чикүбаяамагаас дэвжээг нь өвлөн авч, Хокүсэйхо Э.Даваанинжийг анхны шавь нарын нэг болгон авчээ.
2024 оны II сарын 23
Хокүсэйхо Э.Даваанинж дэвжээнийхээ бөхчүүдийг дээрэлхэж, мөнгийг нь хулгайлдаг байсан нь нотлогдож, зодог тайлав. Улмаар дэвжээний багш Хакүхо М.Даваажаргалыг дэвжээ удирдах чадваргүй гэж цалингийн 30 хувиар торгож, хоёр зэрэглэл буурууллаа.
2024 оны II сарын 26
Миягино дэвжээг Исэгахама дэвжээний багшид дөрөвдүгээр сарыг дуустал удирдуулах шилжүүлэв. Мөн цаашид дэвжээг хэрхэхийг шийдэх эрхтэй болсон юм.
2024 оны III сарын 8
Исэгахама дэвжээнийхэн хаврын барилдаан дуусгаад Миягино дэвжээг хааж, дэвжээний багш М.Даваажаргал болон туслах багш, бусад бөхчүүдийг бусад дэвжээнд хуваарилах саналыг Сүмо бөхийн холбоонд хүргүүлэв.
2024 оны III сарын 9
Миягино дэвжээг хаах санал гарсантай холбогдуулан change.org сайт дээр энэ шийдвэрийг эсэргүүцсэн япон иргэд гарын үсэг цуглуулж эхлэв.
2024 оны III сарын 11
Исэгахама дэвжээнийхний гаргасан саналыг Сүмо бөхийн холбоо хүлээн авч, энэ башё өндөрлөхөд бөхчүүдийг ямар дэвжээнд хуваарилахаа шийдэхээр шийдвэрлэв.
2024 оны III сарын 12
Миягино дэвжээний зарим бөх зодог тайлахаа мэдэгдэв. Харин хэн хэн зодог тайлах хүсэлтээ өгснийг эх сурвалж нууцалжээ.
Харин Монголчууд ямар байр суурь илэрхийлэв
Зохиолч Р.Эмүжин: Хакүхо М.Даваажаргал ямар олон жил зүтгэж, ямар хатуу шалгуур давж, өнөөг хүртэлх бүх амьдралаа зориулан байж босгосон карьер билээ дээ. Энэ залуу ингээд нураачихдаг л юм байна. Дараа дараагийн Японыг зорих монгол сүмочдын зам мөр дээр ч бас сүүдрээ тусгалаа даа!
НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр: Сүмо бол өөрийн дэг жаяг, уламжлал бүхий өвөрмөц ертөнц. Бид хүлээцтэй хандах нь зүйтэй байх. Хакүхо аварга ч өөрөө хүлээцтэй байна.
Шог зураач С.Цогтбаяр: Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг ч уул шугамандаа унахаас л өөр аргагүй айхтар шахаанд орчихов уу даа. Иргэншлээ хүртэл сольж байж хийсэн сонголт болохоор өмнөөс нь харамсаад байх юм.
Хакүхо М.Даваажаргал эх орондоо ирэх үү
Хакүхо М.Даваажаргал нь зорьсондоо хүрэхийн тулд иргэншлээ сольсон билээ. Тэгвэл түүнийг эх орондоо эргэн ирээсэй гэж олон хүн сошиалдаа бичсэн байна. Харин тэрээр уг асуудлын талаар болон эх орондоо ирэх эсэх талаар албан ёсоор ямар нэг мэдэгдэл гаргаагүй байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх