Төрийн нууцын тухай хууль батлагдвал албаны нууцууд хүчингүй болно

.Graph
2026-04-14

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.04.14) Төрийн нууцын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Л.Мөнхбаясгалан, Х.Тэмүүжин, Г.Хосбаяр, Ө.Шижир нар өргөн мэдүүлэв.

Монгол Улсад 1995 онд Төрийн нууцын тухай хууль болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг баталснаар төрийн нууцыг хамгаалахтай холбогдсон харилцааг анх удаа хуулиар зохицуулж, эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Улмаар 2016 онд дээрх хуулиудыг хүчингүй болгож, Төрийн болон албаны нууцын тухай хуулийг баталсан бөгөөд уг хуулиар “албаны нууц” гэх шинэ ойлголтыг нэвтрүүлж, төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг Улсын Их Хурал бус Засгийн газар баталдаг зохицуулалтыг бий болгосон.

Ардчилсан нийгэмд төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа аль болох ил тод, нээлттэй байх, иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах нь үндсэн зарчим мөн. Үүний зэрэгцээ Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дахь хэсэгт заасны дагуу үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор тодорхой мэдээллийг зөвхөн хуулиар хязгаарлах боломжтой.

Гэвч төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг хуулиар бус Засгийн газар баталдаг болсон нь Үндсэн хуулийн дээрх шаардлагад нийцэхгүй байхаас гадна мэдээллийг нууцад хамааруулах шалгуур, хяналтын механизмыг сулруулсан. Үүний үр дүнд төрийн нууцад хамаарах мэдээллийн хүрээ тэлж, Улсын Их Хурлын хяналтгүйгээр мэдээллийг нууцлах боломж нэмэгдсэн.

Тухайлбал, төрийн нууцад хамаарах мэдээллийн тоо өмнө нь 60 орчим байсан бол Засгийн газрын шийдвэрээр 400 гаруй болж нэмэгдсэн нь нууцын ангиллыг хэт өргөжүүлсэн, иргэдийн мэдээлэл авах эрхийг хязгаарласан нөхцөл байдал үүсгэсэн. Мөн “албаны нууц” гэх ойлголтын хүрээнд төрийн байгууллагууд дотооддоо мэдээллийг өргөн хүрээнд нууцлах болсон нь ил тод байдлыг бууруулж, хариуцлагын тогтолцоонд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгосон.

Иймд хуулийн төслөөр дараах зарчмын асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. Үүнд:

  • төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг Улсын Их Хурал баталдаг байх;
  • “албаны нууц” гэх ойлголтыг халж, нууцын ангиллыг оновчтой болгох.

Түүнчлэн дагалдах хуулийн хүрээнд Эрүүгийн хуулийн 19.11 дүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан. Энэхүү өөрчлөлтийн зорилго нь төрийн нууцыг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохын зэрэгцээ Үндсэн хуульд заасан үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, олон нийтийн мэдэх эрхийг баталгаатай хангахад оршино.

Одоогийн зохицуулалтад “цуглуулсан, хадгалсан” гэх өргөн хүрээтэй томьёоллыг хэрэглэснээр төрийн нууцыг санаатайгаар хууль бусаар олж авсан үйлдэл болон нийтийн ашиг сонирхлын хүрээнд мэдээлэл олж авсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг ялгамжгүйгээр хамруулах эрсдэл үүсч байна.

Жишээ нь Өнөрцэцэг сэтгүүлч төрийн нууцыг олж авсан хэмээн хуулийн хариуцлага хүлээсэн. Гэтэл нууцыг хадгалах үүрэгтэй этгээд хариуцлага хүлээлгүй өнгөрсөн байдаг. Энэхүү хуулийн төслийг баталж чадвал нууцыг хадгалах үүрэгтэй этгээд хариуцлага хүлээхээр хуульчилжээ.

Ардчилсан нийгэмд сэтгүүлч нь олон нийтийн мэдэх эрхийг хангах, төрийн үйл ажиллагаанд хяналт тавих чухал үүрэгтэй бөгөөд тэдний мэдээлэл цуглуулах, эх сурвалжаа хамгаалах үйл ажиллагаа нь эрүүгийн хариуцлагад хамаарах ёсгүй. Ялангуяа нийтийн ашиг сонирхол бүхий мэдээллийг ил болгосон тохиолдолд сэтгүүлчийг эрүүгийн хариуцлагад татах нь хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах, өөрийгөө цензурдах нөхцөлийг бүрдүүлэх сөрөг үр дагавартай.

Иймд энэхүү өөрчлөлтөөр:

  • төрийн нууцтай харьцах үүрэг хүлээсэн этгээдийн хууль зөрчсөн үйлдэлд хариуцлагыг төвлөрүүлэх;
  • төрийн нууцыг хадгалах үүрэг хүлээгээгүй этгээдийн мэдээлэл олж авах үйл ажиллагааг ялгаж зохицуулах;
  • санаатай хууль бус үйлдэл болон нийтийн ашиг сонирхлын хүрээний үйл ажиллагааг эрх зүйн хувьд тодорхой зааглах шаардлагатай гэж үзсэн болно.

Энэхүү өөрчлөлт нь төрийн нууцыг хамгаалах тогтолцоог сулруулахгүйгээр, харин хариуцлагыг оновчтой тогтоох замаар ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe