Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо жагсаал, цуглаан хийхдээ тухайн дүүргийн Засаг даргаас заавал зөвшөөрөл авахаа больж, зөвхөн мэдэгдэл хүргүүлсний хүрээнд жагсаж, цугладаг болох хуулийн өөрчлөлт хийх гэж байна гэж мэдээллээ.
Тодруулбал, өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, ХЭҮК хамтран Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх 21, 22 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 2022 оны 49 дүгээр, 2023 оны 35 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлгийг буй юм. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо "Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулна. Учир нь жагсаж, цуглахдаа тухайн дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авдаг зохицуулалт нь өнөөдрийн нийгэм цаг үед нийцэхгүй байна. Тиймээс заавал зөвшөөрөл авахгүйгээр мэдэгдэл хүргүүлээд жагсдаг хэлбэр рүү шилжинэ" гэв.
Уг хуулийн өөрчлөлтийг Засгийн газраас өргөн барьж, энэ хаврын чуулганаар хэлэлцэх аж.
Сэтгэгдэл үлдээх