Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга асан Л.Бямбасүрэн нарын хүмүүсийг бусдыг хясан боогдуулах замаар авлига авч, мөнгө угаасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн, 2-13 жил хорих ял оноогоод байна. Тухайлбал, Л.Бямбасүрэн нь авлигын тодорхой хэсгийг ажилтныхаа дансаар авсан. Энэ нь мөнгө угаасан үйлдэл гэж шүүхээс дүгнэж, 13 жилийн хорих ял оноожээ. Мөн нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасаж, 50 сая төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ. Шүүхээс 13 жилийн ял аваад буй Л.Бямбасүрэнг Засгийн газрын хуралдаанаар 2020 онд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилсон. Түүнээс өмнө нь 2016 онд Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдож байсан нэгэн юм.
50 сая төгрөгт их ял оноолоо гэх сэтгэгдэл нийгмийн сүлжээнд хөвөрч байна. Тэгвэл 2022 оны нүүрсний хэргийн дараагаас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар нийтийн албан тушаалтанд оноох ялыг чангатгасан юм.
Энэхүү хэргийг Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр /2026.04.14/ хэлэлцэн шийдвэрлэлээ. Эргэн сануулахад, шүүхээс Л.Бямбасүрэн, С.Ундрам, Б.Номинсувд нарыг 2024 оны есдүгээр сарын 19-нд анх авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан цагдан хорих арга хэмжээ авч байсан юм. Өчигдөр шүүгдэгч Л.Бямбасүрэн, Ө.Айгиймаа, Ө.Мөнхтулга, Т.Анхтуяа, А.Төвшин, Т.Ариунтуяа, Б.Номинсувд, С.Ундрам, Д.Баянжав, С.Цэдэнсодном, П.Алтантуяа нарын 11 хүнийг Эрүүгийн хэргийн 18.6-2.1, 18.6-2.3, 22.4-1, 22.4-2, 22.4-3, 22.5-1 зүйлээр шүүсэн. Улмаар тэдэнд торгох ялаас эхлүүлэн 2-13 жилийн хорих ял өгсөн байна.
Эрүүл мэндийн даатгалын санг цөлмөж иргэдийн эрүүл мэндэд зарцуулах ёстой сангийн мөнгөнд хүйтэн сэтгэлээр хандсан асуудал ийнхүү шүүхээр орж шийдвэрлэгдлээ. Хэрэгт холбогдсон этгээдүүд хуульд заасны дагуу 14 хоногт багтан давж заалдах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээх