Талбай дээр “УИХ тар” гэх уриатай жагсаал өчигдөр болов. Ер нь бол өөрсдөө “Ард түмний хаврын чуулган” гэж нэрлээд байгаа. Гэхдээ агуулгаараа улс төрийн акц болж харагдсан. Аль мөнгөтэй талд нь үйлчилдэг мань А.Отгонбаатар, П.Шинжээравдан нараар толгойлуулсан хэдэн нөхөд “Сүүдрийн засгийн газар” байгуулж тэтгэврийн хэмжээг 1.5 саяд хүргэх, залуу гэр бүлд 100 сая төгрөг өгөх сүржин тогтоол гаргалаа гэх. Яг үнэндээ тэдэнд сүүдрийн засгийн газар байгуулах, тогтоол гаргах эрх зүйн ямар ч боломж байхгүй. Тийм учраас өчигдөр цугласан олонд болон А.Отгонбаатарын өөрийнх нь фейсбүүк хуудсаар мэдээлэл авсан хүмүүст хандаж хэлэхэд тэтгэвэр нэмэх, залуу гэр бүлд 100 сая төгрөг өгөх тогтоол нь одоогийн Засгийн газарт очихгүй гэдгийг албан ёсоор энд хэлье аа.
Мөнгө л өгч байвал хаана ч хамаагүй, ямар ч сэдвээр жагсахад бэлэн байдаг хэмээн ярьдаг Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Л.Оюун-Эрдэнийн нууцхан шүтэн бишрэгч. Л.Оюун-Эрдэнийн пост, бичлэгүүдэд сэтгэлээ барьж дийлэлгүй магтаал биччихдэг. Энэ удаагийн цуглаан ч гэсэн Л.Оюун-Эрдэнийн захиалга байхыг үгүйсгэхгүй. А.Отгонбаатарын хамгийн алдартай жагсаалыг та бүхэн санаж байгаа байх. Углааш, эмэгтэй гэрийн хувцас өмсөөд өвлийн хүйтэнд талбай дээр жагсаал эхлүүлдэг. Энэ уриалгад нь төлбөрөөр болон хүслийнхээ дагуу олон залуус нэгдэж тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцорч Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болж байсан. Улмаар У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд ялж өнөөдрийг болтол төрийн тэргүүн байгаа билээ. Тухайн углааштай эхийг шөнөөр зөөх, маргааш нь А.Отгонбаатар гарч ирэх үзэгдлүүд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын бэлтгэсэн төлөвлөгөөний нэг хэсэг байсан гэж учир мэдэх олон хүмүүс одоог болтол ярьдаг. Л.Оюун-Эрдэнэ ч өөрөө үүнийгээ хүлээн зөвшөөрсөн яриа өгсөн.
Нэг зүйлийг бодоод үзээрэй. А.Отгонбаатарын эхлүүлсэн эсэргүүцлийн жагсаал, цуглаанд иргэн та хожиж байсан уу? Ядаж нэг ахуйнхаа асуудлаа шийдүүлж байсан уу? За яах вэ өдрийн 100 мянган төгрөг эсвэл түүнээс дээш мөнгө авсан л удаа бий байх. Түүнээс өөрөөр гийгүүлээгүй байлгүй дээ. Гэтэл А.Отгонбаатар нарын нөхөд яаж хөлжиж, хөрөнгөжиж байгааг хар. Ард түмний нэр барьж өөрсдийн эрх ашгаа гүйцэлдүүлдэг хүмүүс л тэдэн шиг байдаг юм. Өчигдрийн цуглаан бол Ерөнхийлөгчийн санаачилсан хууль УИХ-ын чуулганаар орох гэж байгаатай холбоотой урьдчилж бэлдсэн үзэгдэл. Тэнд чин сэтгэлээсээ эрх баригчдад үгээ хүргэх гэж очсон бол та жагсаалаа андуурчээ. Эрх баригчдын хуваагдлын нэг үзэгдэл л тэнд чинь өрнөсөн юм.
Жагсаал дараагийн түвшиндээ очжээ
Монголд өрнөсөн улс төрийн жагсаалууд ер нь бүгд тавилттай явдаг гэхэд хилсдэхгүй. Аль нэг намын эсвэл улс төрчийн сэдсэн л зүйл байдаг. Харин өчигдрийн жагсаал шиг сугалаатай жагсаал энэ яваа насандаа харж явсангүй. Тэмцээнд нь тааруулж дууллаа гэдэг шиг иргэдийнх нь байгаа байдалд тааруулж хийсэн байх. Ирсэн бүх хүмүүсийг бүртгэн дугаартай мандат олгож. Азтанд нь таван ханатай гэр, үхрийн мах зэрэг шагналыг өгнө гэв. Ядарч яваа түмэнд өнөө, маргаашид нь хэрэгтэй л шагнал юм. Өгсөн л байгаа даа. Итгэл үнэмшлээрээ цуглахгүй ард түмнийг өөр итгэл дээр нь дөрөөлөн цуглуулж чадсан тэд ажлаа сайн хийжээ. Ер нь жагсаал, цуглаан хийдэг ч бай сэтгүүлч хийдэг ч бай амиа зогоодог ажлаа сайн хийж, шинийг сэтгэхгүй бол болохгүй биз дээ. Тийм учраас жагсаалыг дараагийн түвшинд тэд авч ирж. Дараа дараагийн жагсаалууд байр, машинаас эхлэхгүй бол олон түмэн чинь цуглахгүй нь бололтой шүү. Монгол угаасаа ханш дандаа өсөж байдаг хойно.
Цуглуулсанг нь биш цугласан олныг буруутгамаар
Сугалаатай гээд, мөнгө тараагаад хүмүүс цуглуулдаг юм байж. Уриалж байгаа тал нь мэдээж ажлаа сайн хийсэн байна. Харин уриалагдаж байгаа олон түмэн дэндүү харамсалтай. Өгсөн хэдэн төгрөгт нь хууртагдаж ирээд өдөржин хаврын хавсаргад суух. Өө бас болоогүй дэмжиж байгаа юм шиг дүр үзүүлнэ. Дээхэн үеийн “Ааваа намайг ашиглаач” гээд муухай орилоод байдаг шашны урсгалын бичлэг дээр гардаг шиг үнэн голоосоо дэмжих ёстой. Ирсэн хүмүүсийг нь харахаар дийлэнх нь тэтгэвэртээ суучихсан гэр, хороо, ач, зээ нарын сургууль гурвын хооронд холхиж өдрийг өнгөрөөдөг хэдэн хөгшчүүл байх юм. Болоогүй ээ нөгөөдүүлээрээ хандив өргүүлж байгаа жүжиг тавиулчихсан. Түүнийг нь харсан ойлгоогүй хэсэг нь хөөрсөндөө хамаг сүү, талхныхаа мөнгийг өргөөд дууссан.
Уг нь нийгэм хэцүүдэх тусам хүмүүсийн үзэл санаа сэрж буруу зүйлийн голыг олж хардаг. Гэтэл тэнд цугласан хүмүүсийн үзэл санаа нь хэдэн төгрөгтэй хамт карманд нь чихэлдсэн байв. Тэр хүмүүст хэцүү биш л байгаа бололтой. Өвөө, эмээ нар минь та хэд хоногийн бороо аргацааж өнөө, маргаашгүй буцаад өгдөг юм байж. Үр хүүхэд чинь өсөж торних энэ нийгэмд ийм муухай үлгэр дуурайлал үзүүлж, өөрийг чинь мөнгөөр худалдан авч цааш нь үнэ өсгөн зардаг энэ мэт хүмүүсийг дагаад явна гэдэг үр хойчдоо өвлүүлж байгаа хамгийн том нүгэл юм. Үнэн бас зөв зүйлд уриалдаггүй А.Отгонбаатарт харин үйлийн үр үнэн бас зөвийг ойлгуулаад өгөх биз ээ.
Сэтгэгдэл үлдээх