Хүү, торгуулийн эх үүсвэрээс 2023, 2024 онд нийт 322.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээс 361.2 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлжээ. Иргэдийг торгож олсон орлогын 97.2 хувь /351.1 тэрбум төгрөг/-ийг орон нутгийн төсөвт буюу Нийслэл дүүрэг хүлээн авч, зарцуулсан байна. Харин үлдсэн 2.8 хувь /10.1 тэрбум төгрөг/-ийг улсын төсөвт төвлөрүүлжээ.
Мөн аудитаар нийт 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж, үүнээс 2.9 тэрбум төгрөгийн зөрчилд хоёр төлбөрийн акт, 12.4 тэрбум төгрөгийн зөрчилд 41 албан шаардлага, 17.0 тэрбум төгрөгийн зөрчилд 163 зөвлөмжийг шалгагдагч байгууллагуудад хүргүүлжээ.
Тус тайлангийн танилцуулгад аудитын явцад цуглуулсан нотлох зүйл, аудитын дүнд үндэслэн дүгнэлт гаргажээ. Уг дүгнэлтэд, -Хүү, торгуультай холбоотой харилцааг зохицуулж байгаа зарим хууль, эрх зүйн актын уялдаа, нийцлийг хангуулж боловсронгуй болгох шаардлагатай;
Сангийн яамнаас хянасан хүү, торгуулийн орлогын төлөвлөгөөг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бодит нөхцөл байдал, судалгаанд үндэслээгүй, харилцан адилгүй хувь хэмжээгээр өсгөж, бууруулж баталсан.
Хүү, торгуулийн орлогоос Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд болон Авто замын санд хуваарилах санхүүжилтийг дутуу олгосон,
Хуваарилсан хөрөнгийн 4.2 хувийг зориулалтын дагуу зарцуулаагүй нь нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, соён гэгээрүүлэх үндсэн зорилтын үр дүнг бууруулсан гэх зөрчлүүд тодорхой болжээ.
Үүнээс гадна байгууллага хоорондын мэдээллийн нэгдсэн сан бүрдээгүй, хүү, торгууль ногдуулсан нэгж, нэхэмжлэлийн дугаар тодорхойгүйгээс орлогын төлөвлөгөөний биелэлтийг байгууллага бүрээр гаргах боломжгүй буюу мэдээллийг задалж харах боломжгүй байгаа аж.
Хүү, торгуулийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад тавих хяналт хангалтгүйгээс 321.8 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн торгуулийн орлого төлөгдөөгүй байгааг танилцуулгад дурдсан байв.
Сэтгэгдэл үлдээх