С.Бямбацогт: Хилийн чанадад суугаа Монголчуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавих хэрэгтэй

Г.Энэбиш
2026-04-15

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.04.15) Монгол Улсаа төлөөлөн гадаад улсад суух Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, УИХ-ын дарга Элчин сайд нарт хандан, дэлхийн дэг журам хувьсан өөрчлөгдөж, олон улсын нөхцөл байдал ээдрээтэй болж буй энэ цаг үед хилийн чанадад эх орноо төлөөлөх хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргэж, амжилт хүсэв.

Элчин сайдаар ажиллах хугацаандаа үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдлэн хамгаалахаас гадна харийн нутагт суугаа монгол хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхгүй байхад нэн тэргүүнд анхаарах ёстойг захилаа. Хилийн чанадад ажиллан амьдрах, сурч боловсрох, бизнес эрхлэх зэргээр аж төрж буй иргэдийнхээ санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй хүргэдэг байх учиртайг хэллээ.

Түүнчлэн парламент хоорондын харилцааг шинэ агуулгаар баяжуулж, хууль тогтоох үйл ажиллагааг иргэнд ээлтэй, судалгаанд суурилсан, эргэх холбоотой, цахим болгоход холбогдох сайн туршлагыг судлах талаар чиглэл өглөө. Энэ хүрээнд, өөрийн суух болон хавсран суух улс орны хууль тогтоох үйл ажиллагааны дэвшилтэт хандлага, парламентын гишүүдийн хариуцлага, ёс зүйг төлөвшүүлэх механизм болон бусад  тэргүүлэх туршлагаас судалж, богино хугацаанд эргэн мэдээлэх ажлыг даалгав.

Монгол Улсын Их Хурал одоогийн байдлаар нийт 61 улстай харилцан парламентын бүлэг байгуулж, хамтын ажиллагаагаа олон талт хэлбэрээр өргөжүүлж байна. УИХ-ын дарга хэлэхдээ, парламентын бүлэг хоорондын харилцааг идэвхжүүлж, харилцан айлчлал, хамтарсан хэлэлцүүлэг, цахим уулзалт зэргийг үр дүнтэй зохион байгуулахад дэмжин ажиллах нь чухал гэдгийг онцолсон. Тэрбээр улс хоорондын уламжлалт, найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад анхаарах ёстойг тодотгоод, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, соёл боловсрол, аялал жуулчлал болон иргэд хоорондын харилцааг хөгжүүлэхэд анхаарч, харилцан ашигтай хамтын ажиллагааг чухалчлахыг захиж байв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe