Бидэнд байхгүй Ардчилал

Б.Энхтулга
2026-04-20

Жил бүрийн энэ өдөр бидэнд байхгүй Ардчиллыг амьтай хэд нь аль 28 жилийн өмнө амь нь тасарсан С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөн сануулдаг. Бидний үеийнхэн С.Зориг гэдэг нэр Ардчилал гэдэг үгээр солигдсон мэт л түүнийг шүтэж, эшлэлүүдийг нь сургаал шиг тогтоож, үйл хөдлөлийг нь ч дуурайх үе гардаг байв. Бодитоор харж үзээгүй түүний өнгөрснийг сонсож, цөөхөн хэдэн бичлэгийг нь үе үе сонгууль дөхөхөөр л харна. Гэхдээ түүний хүссэн Ардчилал өнөөдрийн бидний байж байгаа царай лав биш байсан байх. Үгээ хэлсэн хүмүүсийн амыг нь хаадаг, үзэг барьсан сэтгүүлчийг шалгаж, мөрддөг, үнэн хэлсэн нэгнийг нь хэлмэгдүүлж хорьдог коммунист байдал монголын ардчиллын нөгөө тал нь болсоор ирсэн. 1990-ээд оноос дэлхий даяар Ардчилал газар авч бид ч хэсэг бүлэг залуусын ачаар монголдоо ардчиллыг тунхаглан 36 жил өнгөрсөн ч Ардчилал гэдэг нэг их гоё үгээр халхавч хийсэн хачин төр, засаг өөрийгөө угсрахыг хүлцэнгүй харж суусаар. Ардчиллыг авч явах Ардчилсан нам нь өөрөө тэр хачин төрийн хаяанд сууж хааяа нэг халбага хоол олж идчихээд нэгнээ хэмлэн сууна. Тэр хойгуур дэлхийн Ардчилал хэд хэд үеэ сольж хэт туйлшралд хүрчхээд эргээд өөрийгөө олж байх юм. Манай Ардчилал харин манлайлал биш улаан малгайн дор яваад байгаа болохоор цаг хугацааны хувьд дэндүү хоцрогдолтой явж байна. Айлын хоёр хүүхдээр зүйрлэвэл дээрэнгүй ахынхаа сүрд дарагдсан дэндүү сэргэлэн хүүтэй жишиж болохоор. 

Ардчилал бидэнд эд материал биш эрх чөлөө өгдөг болохоор монголчууд эрх чөлөөг нь хайр гамгүй эдэлчхээд хэнэг ч үгүй улаан малгайтаас эд материал горьдоод суучихдаг. Өнчин хүүхэд шиг Ардчилал хойно нь хоцорч үлдэн үргэлж хагас өнчин явсаар ирсэн. Нэг талдаа бид дарангуйлалд өнгө орж улам жавхааждаг хэмээн өөрсдөдөө итгүүлдэг өмнөх үеийн уламжлалаа давж харж чаддаггүйтэй холбоотой ч байж мэдэх. Ямартаа ч бид асуудал тулгарахаар хамгийн түрүүнд Ардчиллын гол үзэл санаа үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ ярьдаг мөртөө бүх зүйлийг төрийн мэдэлд байлгадаг талаа халуу оргитол налаад байдаг муу талтай.

Үндсэн хуулийн 1.2 Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн...

Өнгөрсөн цаг хугацаанд төрийн эрх барихын тулд олон жагсаал, цуглаан, улс төрийн хэлмэгдүүлэлт болдог байсан ч өнөө цаг үе шиг улайм цайм хууль баталж, өөрчилж байгаад нэгнийгээ намнах гэсэн оролдлогыг бид харж байсангүй. Уг нь улсын маань оршин тогтнох судар болсон Үндсэн хуульд дээрх зүйлийг тодорхой тусгаад өгчихсөн. Өнөөдөр эрх барьж байгаа нам нь байхгүй заалт мэт аашилж төрийн албыг өш хонзонтой жүжгийн тайз болгон зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө алалцаж байна. 34 хүрчхээд том болж өгдөггүй Ардчилал нь ч үүнээс сүрдэж олигтой нэгдэж чадсангүй. Тэг дундуураа хуваагдаж хоёр талд зогсов. Жил болгон С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх гэж очдог хүмүүс дунд зураг даруулж, хэвлэлд ярилцлага өгч сонирхол татах гэсэн нэг хэсэг нь байхад, тэнд өөрийгөө хурцалж, үзэл бодлоо чангатгадаг нь ч байдаг байх. Гэхдээ бидэнд байхгүй Ардчиллын төлөө тэнд жилдээ нэг цуглалаа гээд болчих байсан бол хангалттай л хугацаа өнгөрлөө. Үйлдэл хийж үйл хэргийг нь үргэлжлүүлэх цаг нь болсон байх аа.

Монгол хүний саруул ухаанд итгэдэг Санжаасүрэнгийн Зориг танд төрсөн өдрийн мэнд хүргэе...

 

 

Сэтгэгдэл үлдээх

Их зэвүүн нийтлэл болжээ.

Агар Баярбат

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe