Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин Нийслэлийн ЕБС-ийн англи хэлний багшийн дутагдлыг нөхөх арга хэмжээний тухай асуудлыг танилцууллаа. Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 332 сургуульд 336 мянга гаруй сурагч англи хэлний хичээлийг судалж байгаа бөгөөд англи хэлний 1403, англи орос хэлний 129 нийт 1532 багш 7 хоногт нийслэлд 38.324 цагийн англи хэлний хичээлийг орж байна. Багшийн 7 хоногийн ачааллыг дунджаар 22 цагаар тооцож үзэхэд нийслэлийн хэмжээнд 210 багшийн дутагдалтай байгаа гэв. Тэгвэл Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудаас авсан судалгаагаар өнгөрсөн 3-р сарын 11-ний өдрийн байдлаар нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байна. Иймд Нийслэлийн боловсролын газраас Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад Филиппин улсаас англи хэлний багш ажиллуулж байгаа туршлагыг үндэслэн шаардагдах зардлын тооцооллыг 200 багшаар хийж үзсэн бөгөөд нийслэлийн төсвөөс 3.9 тэрбум төгрөг шаардагдаж байгаа юм. Гадаад багш нарыг ажиллуулах нь сурагчдад англи хэлний мэдлэгийг өндөр түвшинд олгоход чухал бөгөөд багш нарын мэргэжлийн ур чадвар, заах арга зүйг сайжруулах, ерөнхий боловсролын сургуулийн багшийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд үр нөлөөтэй гэж үзжээ.
Төлөөлөгчдийн зүгээс сургууль бүрт хэдэн Филиппин багш өдөрт, долоо хоногт хэдэн цагаар ажиллах, хотын захын сургуулиудад хүүхдийн тооноос хамаарч 2-3 багш томилох, эргээд үр дүнг хэрхэн тооцож гаргах зэргийг тодруулж, дараагийн хуралдаанаар илүү нарийн мэдээллийг өгөх талаар санал хэллээ. Тус асуудлыг НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар хэлэлцэхийг Хүний хөгжлийн хорооны хуралдаанаар дэмжлээ.
Сэтгэгдэл үлдээх