Хоёр төртэй Монгол

Н.Саруулдөл
2026-04-21

Үндсэн хуулиар бол Монгол улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл. Гэвч сүүлийн үед хоёр төртэй мэт болж, иргэд яг алиныг нь дагах учраа олохоо болиод байна. 

ТҮЦ ажиллуулах юм уу, үгүй юм уу?

Өнгөрсөн хавар Улаанбаатар хот даяарх 1000-аад ТҮЦ-ийг буулгаж, албадан ачсан. Хотын удирдлагууд үүнийг ерөнхийдөө цэвэрлэгээ гэж нэрлээд, хотын гудамж цэлгэр сайхан боллоо гэж байсан. Гэвч нөгөө талд энэ бол чөлөөт зах зээлийг боомилж буй үйлдэл гэж ТҮЦ ажиллуулагчид болон чөлөөт зах зээлийг дэмждэг хүмүүс эсэргүүцэж байлаа. Энэ эсэргүүцэл хотын удирдлагуудын дураар бол жил орчим нэг ч ТҮЦ ажилласангүй. 

Ингээд саяхан Ерөнхий сайд Н.Учрал “Чөлөөлье” аяныг эхлүүлж, ерөнхийдөө ТҮЦ ажиллуулах зөвшөөрлийг олгочихлоо. Тодруулбал, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 146 бизнесийг зөвшөөрөл, бүртгэл зэргээс чөлөөлсөн. Үүнд, хүнсний зах, худалдааны төв, ресторан зэрэг багтсан. Харин ТҮЦ-ийн талаар дурдагдаагүй. Гэхдээ "Мухлаг" гэх /жижиг дэлгүүр, лангуу, павильон/-ыг нийтэд нь хамруулсан ерөнхий нэршилтэй бизнесийг чөлөөлсөн бидний мэдэх ТҮЦ юм. 

Ямартай ч энэ зөвшөөрлөөр хуучин ТҮЦ-нүүд мухлаг нэрээр ажиллаж байна. Х.Нямбаатарынхаар бол мухлагуудыг ачиж цэвэрлэр ёстой, Н.Учралынхаар бол дэлгэж ажиллуулах ёстой. Яг энэ ацан шалаан дунд ТҮЦ эрхлэгчид яахаа мэдэхээ больчихлоо. ТҮЦ гэдэг үнэгүй босдог зүйл биш. Н.Учралыг дагаад ТҮЦ байгуулчихвал Х.Нямбаатар ирээд ачаад явчихвал Н.Учрал, Х.Нямбаатар хоёр биш тэр жижиг бизнес эрхлэгч л хохирно. 

Нэг өдөр цахимаар ажиллах юм уу, үгүй юм уу?

Н.Учралын Засгийн газар төрийн албан хаагчдын ажлын нэг өдрийн цахим болгосон. Гэвч хотын удирдлагууд нийслэлийн ажилчдыг нэг өдөр цахимаар ажиллавал иргэд хохирно гэж үзэж байгаа. Тухайлбал, нийслэл, дүүргүүдийн төрийн байгууллага бол үйлчилгээний байгууллага. Иргэдийн өдөр тутмын амьдралтай шууд холбоотой. Хог цэвэрлэгээ, нийтийн үйлчилгээ зэрэг нь долоо хоногийн 7 өдөр тасралтгүй үргэлжилдэг. Мөн эмнэлэг, сургууль, ТҮК, нэг цэгийн үйлчилгээ, нийтийн тээвэр зэрэгт зайлшгүй биечлэн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай. Одоогоор ч өрхийн эмнэлгүүдэд эмчийн дутагдал байгаа нөхцөлд цахимаар үзлэг хий гэх боломжгүй гэж хотын удирдлагууд үзэж буй юм. 

Төсвийн тодотгол хийх юм уу, үгүй юм уу?

Ерөнхий сайд Н.Учрал ажлаа авсан даруйдаа хэмнэлтийн горимд шилжиж, төсөв тодотгохоо мэдэгдсэн. Учир нь, төсвийн орлого 720 тэрбум төгрөгөөр тасарсан, багш эмч нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор төсөвт 1.2 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа юм. Өөрөөр хэлбэл, төсөв тодотгох хуулийн нөхцөл нь бүрдчихсэн гэсэн үг. 

Гэвч Сангийн сайд З.Мэндсайхан өөр зүйл ярьж явна. Тэрээр “Төсөвт тодотгол хийх нөхцөл үүсээгүй. Салбаруудын цалингийн нэмэгдлийг сайд нарын багц дотор нь шийднэ” хэмээн ярьж байна. Тэгээд төсвийн тодотгол хийх юм уу, үгүй юм уу гэдэг бас эргэлзээтэй болчихлоо. 

Энэ мэтчилэн сүүлийн үед гарч буй төр засгийн шийдвэрүүд хоёр үзүүртэй зүү мэт л байна. Нэг нь болно гэхээр нөгөө нь болохгүй гэнэ. Энэ учир битүүлэг байдал дунд ард иргэд, аж ахуйн нэгжүүд хаданд хавчуулагдсан халиуны зулзага болчихлоо. Хоёр нүүртэй хүн гэж байдгаас хоёр төртэй улс гэж байдаггүй. Тиймээс энэхүү төөрөгдлийг арилгах зайлшгүй шаардлага үүсээд байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe