Урт хар гар аминд хүрэв

Ц.Чимэдцэеэ
2026-04-22

Өнгөрөгч ням гарагт Чингис хаан нисэх онгоцны буудалд Сүхбаатарын талбай орох автобус хүлээж байгаа Турк жуулчинтай танилцлаа. 

Үүх түүх, бахархал, өв соёлоо хуваалцан эх оронд минь тавтай морил хэмээн зочломтгой зангаар зорьсон газар нь хүргэж өгөхөөр болов.

Ийнхүү цаг гаруйн дараа сэтгэл гонсойж, гаднын хүний дэргэд ичгүүрийн халуунд цохиулаад авах шиг. Байрлах буудал нь төв талбайгаас багагүй зайтай болохыг мэдсэн ч хажуугаар нь өнгөрөхдөө сонирхуулаад авахыг бодон зам хазайлгүй ирсэн маань энэ байв.

Яг урдуур нь өнгөрөхдөө энэ бол манай төв талбай гэж танилцуулсан ч том цагаан майхан нүд халхалж, халтируулж байлаа.

Асар гэдэг бол том гэх утгаараа дүйх ч монголчууд энэ үгийг баяр наадмын дэнжид тусгайлан бэлтгэж, хээ угалзаар гоён өөрсдийн уламжлалаа шингээн барьдаг байсан тул энэ үг тэр майханд зохихгүй.

Идэх хүсэл

Төв талбай гэдэг тухайн хотын иргэдийн сэтгэлгээ, үнэт зүйл, соёлын илэрхийлэл байдаг. Улсын түүх, зовлон зүдүүр, бахархал, бардамналыг ч эндээс мэдрэх, харах учиртай.

Италийн Тоскана мужийн Сиена хотын Пиазза дель Кампо талбай (Piazza del Campo) нь дундад зууны үеийг санагдуулам архитектурын шийдэлтэй. Баригдсан цагаасаа хойш иргэдийн цуглах төв цэг болж, налуу хэлбэртэй, тойрог зохион байгуулалт нь хүмүүсийг “үзэгч биш, оролцогч” болгодог. 

Английн Лондоны Трафалгарын талбай (Trafalgar Square) нь 1805 оны Наполеоны эзлэн түрэмгийллийг зогсоосон Трафалгарын тулалдааныг бэлгэддэг. Эдүгээ үзэл бодлоо илэрхийлэх эрх, нээлттэй ардчилал, олон ургалч байдлыг илэрхийлж, жагсаал, урлаг, улс төрийн илэрхийллийн чөлөөт орон зай болжээ.

АНУ-ын Нью-Йоркын Таймс Скүэр (Times Square) бол тод өнгийн цахим самбар, хөл хөдөлгөөн ихтэй явган хүний ​​хөдөлгөөнөөрөө алдартай. Энэхүү талбайгаас л Нью-Йорк хотын завгүй хэмнэл, залуусын эрч хүчийг харж болдог билээ.

Манай улсын хувьд Сүхбаатарын талбай бол түүх, тусгаар тогтнолын бэлгэдэл. Гаднын жуулчид үүнийг л харж, 1.5 сая гаруй км.кв газар нутагтай хэр нь 3 сая гаруйхан иргэдийн тал нь төвлөрөөд буй алга дарамхан газрын философи, үнэт зүйл юу болохыг танин мэдэхээр зорьдог.

Гэтэл өнөөдөр 50x80 харьцаатай, 4 мянган м.кв талбайтай цулгуй цагаан майханд хоол идэх нь бидний үнэт зүйл мэт.

Нээрээ л Туулын хурдны замын 2.3 их наядын тендер, бордюрын мафи, Хотын нэгдүгээр орлогч даргын эхнэрийн компанийн тендерт шалгарсан зэргээс идэх хүсэл өндөр өнөөгийн дүр зургийг ил тодоор харуулах алхам мөн ч байж болох юм.

Төв талбай бол амьд оршихуй

Амьдарна, оршино гэдэг бол түүх өгүүлж, утга учир илэрхийлж, ярилцаж, ойлгуулж байхын нэр юм. Үүгээр дээр дурдсан жишээнүүдээс төв талбай хэчнээн чухал оршихуй болохыг харж болно.

Тэр дундаа эрх чөлөө, үзэл санаа, иргэдийн хөл хөдөлгөөнөөр дүүрч, төрийн оролцоо холдож байж ийнхүү амьсгал авахтайгаа буйг илтгэх юм.

Тэгвэл Сүхбаатарын талбайг иргэдэд ойртуулж буй мэтээр холдуулж, буу шийдмээр амь голыг нь таслан байна.

Монголчууд гэлтгүй бүхий л улсад иргэд дуу хоолойгоо нэгтгэж, төв талбайдаа цуглан тайван жагсах замаар төрийн үйл ажиллагаанд оролцох хэлбэр түгээмэл. Олон улсад дагаж мөрдөх Иргэний болон улс төрийн эрхийн пакт зэрэг баримт бичигт ч тодоор тунхаглан баталгаажуулсан бий.

2022 он жагсаалын жил байв. Он гарч, урь ирэнгүүт залуус гитараа хүртэл барьж ирээд талбай дүүргэж байв. Он улирч, дараагийн жилээ дуудахын даваанд нүүрсний гэх сүрхий хэрэг дуулдан идэр есийн хүйтэнд нүцгэлж хүртэл үзүүлсэн байдаг.

Үүнээс хойш төр төв талбайд олон нийтийн арга хэмжээ хүчээр зохион байгуулж, иргэдийн анхаарлыг сулруулах, жагсаж цуглах орон зайг хумих бодлого барьж ажилласан.

Улмаар өнгөрсөн оны хавар өрнөсөн “Огцрох амархан” жагсаалын хажуугаар л гэхэд гэнэтхэн  Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас "Аз жаргалтай өрх-Аз жаргалтай гэр бүл" өдөрлөг зохион байгуулж, олон нийтийн эгдүүцлээр талаасаа тарж байсан жишээтэй.

Энэ жилийн тухайд “Туул голоо хамгаалъя” хөдөлгөөн сар гаруй үргэлжилж байна. Аварга том цулгуй цагаан майханд хоол эргүүлсэн нийслэлийнхэн, хажуугаар нь нэлийтэл өрсөн жижиг майханд суусан төрийнхөн дунд жагсаж байгаа.

Гэтэл өчигдөр Цэргийн төв эмнэлгийн гардан тулааны үзүүлбэр нэртэй буу барьсан цэргүүд төв талбайд гэмгүй алхаж яваа иргэд рүү гал нээж буй аймшигтай үзэгдэл боллоо.

Ач холбогдол, утга учир нь юундаа байв хэмээн мэдээлэл хайвал энэ талаар нэг өгүүлбэр ч БХЯ, Цэргийн төв эмнэлгийн мэдээллийн сувгуудад байсангүй.

Өнцөг булан бүрд энэ мэт төрийн оролцоотой утга авцалдаа, үнэ цэн, гоо зүйн "зий" ч үгүй үйл ажиллагаа төв талбайг гутаан доромжилж байхад амьдруулж, хүсэл зоригоо илэрхийлж, идэвхээ гаргаж буй ганцхан хөдөлгөөн нь “Туул голоо хамгаалъя” жагсаал юм.

Энэ идэвхийг л буу шийдэм агсан мохоох гэж оролдов уу гэхээс өөр агуулга харагдсангүй.

Төв талбайг, хотын гоо зүйг, иргэдийн үнэт зүйлийг уландаа гишгэсээр, урт хар гараараа боомилон буйг үзсээр харсаар.

Сэтгэгдэл үлдээх

Төв талбайгаас түүх, зовлон, бахархал гд юм юмыг нь харах боломжтой байдаг гэвэл цагаан асар үүргээ гүйцэтгэж л байгаа юм бна кк

Ариунзул

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe