Н.Учрал: Иргэдийн дэвшүүлсэн үндэслэлийг хүндэтгэж, Туулын хурдны замыг түр зогсоолоо

.Graph
2026-04-22

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.

Хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Учрал:

Иргэд, эрдэмтэн судлаачдын байгаль орчин, хөрөнгө санхүү, замын түгжрэлтэй холбоотой дэвшүүлсэн үндэслэлийг Засгийн газар хүндэтгэж, хүлээн авах ёстой. Хууль хяналтын байгууллага Туулын хурдны замтай холбоотой хотын удирдлагуудын асуудлыг нэг талд нь гаргатал уг төслийг зогсоож байна.

Мөн дараах асуудлыг шийдвэрлэжээ.

Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо

Хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн, итгэлцүүр, журам батлах тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Тус тогтоолоор багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг Засгийн газраас тогтоосон үндсэн цалингаас олгохоор боллоо. 

Нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээгээр тооцсон зардлыг энэ тогтоолын хавсралтаар баталсан журмын дагуу энэ оны тавдугаар сарын 01-нээс тооцож санхүүжүүлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд даалгав. 

Мөн тус хуралдаанаас “Монгол хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье” үндэсний хөтөлбөр болон Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж, ачааллыг бууруулахад шаардлагатай зарим арга хэмжээ авах тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. 

Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ

Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал дэлхийн газрын тосны зах зээлд хүчтэй нөлөөлж, шатахууны үнэ богино хугацаанд өсөж байна. Дизель түлш, АИ-92 бензиний үнэ олон улсын зах зээл дэх брент тосны үнээс илүү хэлбэлзэлтэй өсөж байгаа нь дотоодын зах зээлд үнэ өсөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. 

Энэ нь эдийн засгийн салбаруудын үйлдвэрлэлийн өртөгт шууд нөлөөлж, ялангуяа тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуй, худалдааны салбарт дарамт үзүүлэхээр байна. Мөн шатахууны үнийн огцом өсөлтөөс үүдэлтэй төсвийн болзошгүй зардал нэмэгдэх  эрсдэлтэйг Ерөнхий сайд мэдээллээ. 

Засгийн газар “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-ын Засгийн газрын тэргүүн болон холбогдох хүмүүст албан захидал хүргүүлсэн. Мөн АҮЭБ-ийн сайд  Г.Дамдинням тус улсад гэрээ хэлэлцээр хийж ажилласан. Одоо Казахстанд ажиллаж буй. Салбарын сайд шатахууны нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг хангах, үнийн өсөлтийг боломжит хэмжээнд барих зорилготой уулзалт, яриа хэлэлцээр хийж буйг Ерөнхий сайд Н.Учрал хэллээ. 

Монгол Улсын Засгийн газар шат шатны арга хэмжээг авч ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд салбар бүр богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Товч мэдээ

“Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. "Ингэснээр Улсын бүртгэлийн байгууллагаас эд хөрөнгийн бүртгэл авахаар биечлэн үйлчлүүлдэг иргэдийн ачаалал 55 хувиар буурна, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 100 хувь цахимжуулах, хуулийн этгээдийн тамга, тэмдгийг цахимжуулах ажлын эхлэл болж байна" гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан мэдээллээ.

Эх сурвалж. Монгол Улсын Засгийн газар

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe