Худалдаа эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх хамтын ажиллагаа

.Graph
2026-04-22

Монгол, Казахстаны хамтарсан бизнес форум нь хоёр улсын эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах бодит алхам боллоо. Энэхүү арга хэмжээнд Монголын 80 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх амбицтай зорилтыг талууд хамтран дэвшүүлсэн юм.

Боломж

Өнөөдрийн байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 100–135 сая ам.долларт хүрч, 2025 онд 7 хувиар өссөн талаар Казахстаны Гадаад худалдааны танхимын Удирдах зөвлөлийн дарга М.Р.Каримсаков онцоллоо. 

“Монголын ААН-үүд бараа бүтээгдэхүүнээ их хэмжээгээр нийлүүлж байна. Энэ бол маш сайн үзүүлэлт. Казахстан улс Монголын хувьд Төв Ази, Европын зах зээлд нэвтрэх гүүр болж чадна” хэмээн тодотгосон юм.

Мөн тэрээр тээврийн дэд бүтэц, ложистикийн саадыг шийдвэрлэх нь худалдааг тэлэх гол нөхцөл гэдгийг онцолж, тээврийн коридороо хөгжүүлж, бараа эргэлтийг хурдасгах нь чухал гэв.

Евразийн зах зээлд нэвтрэх гарц

Ерөнхийлөгчийн Иргэний нийгмийн бодлого, төсөл хөтөлбөрийн зохицуулалт хариуцсан зөвлөх Б.Жавхлан: 

Хоёр улсын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтыг тавьж байна. Евроазийн түр хэлэлцээр энэ зорилтод чухал үүрэг гүйцэтгэнэ гэв.

Уг хэлэлцээрээр 367 төрлийн бүтээгдэхүүнийг тарифын хөнгөлөлттэй экспортлох боломж бүрдсэн. Үүний 97 хувь нь ХАА-н бүтээгдэхүүн байгаа нь Монголын экспортын бүтэцтэй шууд нийцэж байгаа ба Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саначилсан "Цагаан алт" хөтөлбөр чухал нөлөөтэй хэмээж байлаа.

Казахстан дахь бизнесийн орчны талаар Каз Мон мост ХХК-ийн захирал А.Ганбаатар:

Энд бизнес эрхлэхэд давуу тал ихтэй. 20 гаруй сая хүн амтай, олон улстай холбогдсон том зах зээл. Валют олох, бизнесээ тэлэх маш том боломж байна.  Монголын мянга мянган компаниуд энд ирж ажиллаасай.

Салбаруудын хамтын ажиллагаа өргөжиж байна

Нүхт тур ХХК-ийн захирал Н.Хандсүрэн: Бордооны худалдааг эхлүүлэх, олон салбарт хамтын ажиллагаа өргөжүүлэх боломж нээгдэж байна.

“Н Эй Би Трейд” ХХК-ийн захирал Б.Амарсанаа: Астана хотын төлөвлөлт, барилгын салбар маш өндөр түвшинд хөгжсөн. Энэ туршлагыг Монголд нэвтрүүлэх боломж байна.

Санхүүгийн зах зээлийн боломжийн талаар Хөрөнгийн зах зээлийн шинжээч Г.Мөнх-Эрдэнэ: Хамгийн бага зардлаар, татварын таатай нөхцөлөөр гадаад зах зээлээс хөрөнгө босгох боломж бүрдсэн. Гол нь компаниуд өөрсдөө бэлтгэлээ хангах хэрэгтэй.

Стратегийн хамтын ажиллагаа

Форумын онцлох үр дүнгийн нэг нь Эрдэнэс Монгол болон Самрук-Казына хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичиг байв.

Энэ талаар Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай:

Самрук ТӨК бол 80 тэрбум ам.долларын хөрөнгө удирддаг, 300 гаруй компанийг нэгтгэсэн том бүтэц. Энэ туршлагаас суралцах нь Монголд маш чухал.

Эрдэнэс Монголтой харьцуулах юм зөвхөн уул уурхай биш зам тээвэр, агаарын тээвэр гээд маш олон ТӨК-уудыг нэгтгэсэн юм байна. Үүсгэн байгуулагдсан цаг хугацааг нь харахаар Эрдэнэс Монголтой нэлээн төстэй. Самрук 2006 онд, Эрдэнэс Монгол 2007 онд байгуулагдсан.  Самрукийн бол Төв Азидаа болон дэлхийд хамгийн шилдэг болж эхэлж байна. Группийн зарчмаар зөв ажиллаж, дэлхийн зах зээлд ураны болон газрын хоор элементийн чиглэлээр Казахстан улс бол нэлээн төрөлжиж байгаа юм байна. Тийм учраас Монгол Улстай газрын ховор элемент, нүүрс, зэс, энэ чиглэлээр геологийн судалгаа хийх, болж өгвөл хөрөнгө оруулалт татах, дээрээс нь Монголын зарим ТӨК-уудыг олон улсын зах зээлд хөрөнгө татах дээр нь тусалъя аа гэдэг санаачилга гаргаж байгаа.

Азидаа тэргүүлж байгаа энэ баялгийн сангийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах бол одоо хамгийн чухал ач холбогдолтой боллоо.

Казакстан бол Монголтой маш төстэй адилхан посткоммунист, шилжилтийн замыг туулсан. Эдний хөгжлийн нууц бол байгалийн баялгаа зөв ашигладаг. Зөвхөн нэг жишээ хэлэхэд дэлхийн уран зах зээлийн 40 хувьд дангаараа Казахстан улс тоглолт хийж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe