Ираны гол хэлэлцээрч Мохаммад Багер Галибаф өчигдөр буюу лхагва гарагт АНУ болон Израилын гал зогсоох тохиролцоогоо зөрчсөн тул Ормузын хоолойг нээх боломжгүй гэж мэдэгдэв.
Тэрбээр, АНУ Ираны боомтуудыг хаасан нь дэлхийн эдийн засгийг боомилж, тохиролцоогоо зөрчсөн гэж үзэж байна гэлээ. Харин Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан хэлэлцээр хийх хаалга нээлттэй байгаа ч амлалтаа зөрчих, хаалт хийх болон заналхийлэл нь энэ хэлэлцээрт саад хийж байна гэжээ.
Мягмар гарагт АНУ, Ираны талууд Пакистанд хоёр дахь хэлэлцээрээ хийх товтой байсан ч одоогоор эхлээгүй байна.
АНУ, Израилын эхлүүлсэн мөргөлдөөн бараг хоёр сар үргэлжилсний эцэст дөрөвдүгээр сарын эхээр 14 хоногийн хугацаатай гал зогсоох тохиролцоонд хүрч, энэ хугацаанд хэлэлцээр байгуулах найдлага тавьж байсан. Гэсэн хэдий ч анхны хэлэлцээр үр дүнд хүрэлгүй салсан юм.
Мягмар гарагийн орой Ерөнхийлөгч Дональд Трамп гал зогсоох тохиролцоог тодорхойгүй хугацаагаар сунгаж байгаагаа зарласан бөгөөд өмнөх хугацаа нь лхагва гарагт дууссан юм.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Ливитт сунгасан хугацаанд ямар нэг хязгаар байхгүйг тайлбарлаж, Трамп Ираны боомтуудыг хаасан цэргийн хүчний ажиллагаандаа сэтгэл хангалуун байгаа гэжээ.
Ормузын хоолойн хаалт газрын тосны зах зээлийг сандаргаад буй юм. Дэлхийн газрын тосны 20 хувийг дамжуулдаг энэхүү хоолойн үйл ажиллагаанд доголдол үүсэж эхэлснээс хойш дэлхийн жишиг брент газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллар давсан юм. Энэ нь сүүлийн дөрвөн жил үзэгдээгүй өсөлт байжээ.
Харин Ерөнхийлөгч Дональд Трамп 14 хоногийн хугацаатай гал зогсоох тохиролцоонд хүрсэн талаар мэдэгдсэний дараа үнэ бага, багаар буурч байсан бол хоёр улс амжилттай хэлэлцээр хийж чадахгүй байгаан улмаас эргээд 100 ам.доллар даваад байна.
Сэтгэгдэл үлдээх