Ираны дайны улмаас дэлхийн хамгийн том бэлгэвч үйлдвэрлэгч компани үнээ нэмэхээр болжээ

Д.Халиунаа
2026-04-23

Дэлхийн хамгийн том бэлгэвч үйлдвэрлэгч Карекс компанийн захирал АНУ, Ираны мөргөлдөөн цаашид үргэлжилсээр байвал бүтээгдэхүүнийхээ үнийг 30 хувиар нэмэгдүүлэх болсноо мэдэгдлээ. 

Гүйцэтгэх захирал Го Миа Киат хэвлэл мэдээллүүдэд өгсөн ярилцлагадаа мөргөлдөөн эхэлснээс хойш үйлдвэрлэлийн зардал огцом өссөн гэжээ. 

Малайзад төвтэй тус компани жилд таван тэрбум гаруй бэлгэвч үйлдвэрлэдэг бөгөөд Durex, Trojan зэрэг дэлхийн тэргүүлэгч брэндүүд болон Их Британийн эрүүл мэндийн системүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байна. 

Тус мөргөлдөөн эхэлснээр дэлхийн нефтийн 20 хувийг дамжуулдаг Ормузын хоолой хаагдаад байгаа билээ. 

Karex компани нефтийн гаралтай химийн бодисуудыг ашиглан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байна. 

Го Миа Киат 2026 онд дэлхий дахинаа бэлгэвчний эрэлт 30 орчим хувиар өссөн хэмээн ярилаа. Учир нь ачаа тээврийн зардал нэмэгдэж, тээвэрлэлт хойшилж буй нь энэ хомсдолыг үүсгээд байгаа аж. 

Тэрээр Bloomberg-т өгсөн ярилцлагадаа “Хэрвээ та яг одоо хүүхэдтэй болбол хооллох ам нэгээр нэмэгдэх болно шүү” гэжээ. 

Бэлгэвчний үнийн огцом өсөлтөөр бид энэ мөргөлдөөн дэлхийн эрчим хүчний зах зээлийг донсолгож, бусад бараа бүтээгдэхүүний үнийг хэрхэн хөөрөгдүүлж байгааг харж болж байна. 

Шинэ судалгаагаар мөргөлдөөн эхэлснээр агаарын тээврийн салбарын үнэ огцом өсөж, хамгийн хямд үнэтэй ангиллын тасалбарууд жилийн өмнөхтэй харьцуулахад дунджаар 24 хувиар өсжээ. Үүгээр зогсохгүй Персийн булангийн тээвэрлэлт тасалдсанаас үүдэн бордооны үнэ өсөж, компьютерын чип үйлдвэрлэхэд ашигладаг гелийн хомсдол мөн үүсжээ. 

Үйлдвэрлэгчид түүхий эд авахад бэрхшээлтэй тулгарч байгаа тул савласан усны үйлдвэрлэл ч дарамтад орж эхэлжээ. 

Мөн энэ сарын эхээр НҮБ-аас тээврийн зардал нэмэгдэж байгаатай холбогдуулан элсэн чихэр, сүүн бүтээгдэхүүн, жимсний үнэ өсөхийг ч мөн анхааруулсан юм.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe