Азербайжаны Шавар галт уулын аялал жуулчлалын цогцолборын хөтөч Севинж Хажиева "Монгол Улсын талаар мэдэх үү" гэсэн асуултад минь "Мянга мянган жилийн түүхтэй Монголыг бид яаж мэдэхгүй байх вэ" хэмээн хариулж байв.
Севинж Азербайжаны хэлний их сургуулийг орчуулагч мэргэжлээр төгссөн. Франц, орос, азербайжан, турк, англи хэлтэй. Мөн украин хэлийг ойлгож, бага хэмжээнд ярьж чадна.
Өөрийгөө хоёр охины ээж, зургаан зээгийн аз жаргалтай эмээ гэсэн. Түүний найрсаг зан, ажлаа хайрлаж хийдэг нь илт мэдэгдэх харизмтай, сонирхолтой, зарим хэсэгтээ ид шидийн гэмээр яриа нь үнэхээр ч ертөнцийн хамгийн жаргалтай эмэгтэй гэх тодотголд зохиж байлаа.
Бидний өгүүлэх түүх, танин мэдэхүйн аялалд нэвтрэхээс өмнө бяцхан өмнөтгөл шигтгэе.
Өмнөд Кавказын бүсэд орших Азербайжаны нутаг дэвсгэрт дор хаяж 20–40 мянган жилийн өмнөх хүний амьдрал, соёлын нотолгоо болсон 6,000 гаруй хадны зураг, суурин, булш олдворууд илэрсэн.
Наашлаад, эртний худалдааны Торгоны замын нэгэн зангилаа байв.
Дундад зууны үед Перс, Араб, Түрэг угсааны соёл иргэншлийн нөлөөн дор хөгжиж, XIX зуунаас Оросын эзэнт гүрний бүрэлдэхүүнд орсон. 1918-1920 оны хооронд богино хугацаанд тусгаар тогтносон ч удалгүй Зөвлөлт Холбоот Улсын нэг хэсэг болж, 1991 онд дахин тусгаар тогтнолоо сэргээжээ.
Тэдний түүхийн талаар дараа дэлгэрэнгүй өгүүлэх тул энэ хүрээд өмнөтгөлөө өндөрлүүлж, гол сэдэв рүүгээ оръё.
Азербайжан нь түүхийн туршид газрын тос, байгалийн хийн баялгаараа алдартай байсаар ирсэн. Нийслэл Баку хот нь XIX зуунд дэлхийн газрын тосны томоохон төвүүдийн нэг болж хөгжжээ. Энэ баялаг нөөц нь зөвхөн эдийн засаг төдийгүй байгалийн өвөрмөц тогтоц, шавар галт уулууд үүсэхэд чухал нөлөөтэй.
Өнөөдөр Азербайжанд дэлхийн хамгийн их төвлөрсөн шавар галт уулууд оршиж байна.
Шавар галт уулын аялал жуулчлалын цогцолбор (Mud Volcanoes Tourism Complex) нь Баку хотоос 80 орчим км зайд, "Гобустан" байгалийн болон археологийн бүс нутагт байрладаг.
Шавар галт уулуудыг хамгаалж, танин мэдэхүйн болон аялал жуулчлалын зориулалтаар хөгжүүлсэн 12 га талбай бүхий орчин үеийн байгууламж.
Эндээс идэвхтэй шавар галт уулыг ойроос харах, 80 орчим ховор чулууны үзэсгэлэн, тэдний түүх, онцлогийг таньж мэдэх, амьтдын яс, чулуужсан олдвор зэргийг үзэж сонирхох боломжтой.
Бидний хөтөч Севинж шавар галт уулын цэцэрлэгээ танилцуулсан. Цэцэрлэг гэсний учир тэд яг л хүүхдүүд шиг. Байнга шинээр төрж, өсөж, өнгө нь хүртэл өөрчлөгддөг. Энэ нь газрын гүн дэх эрдэс, хий, даралтаас шалтгаалдаг.
Шавар галт уул нь уламжлалт магмын галт уултай адил биш. Газрын гүнээс шахагдан гарч ирэх шавар, ус, ялангуяа метан хий, нефтийн гаралтай бодисын нийлмэл урсгалаас бүрддэг геологийн үзэгдэл.
Судалгаагаар эдгээр галт уулын доор хэдэн зуун метрийн өргөнтэй, олон давхар бүтэц бүхий “тэжээгч систем” оршдог болох нь тогтоогджээ. Энэ нь ан цав, шаврын хоолой, чулуулгийн хольцоос бүрддэг.
Хий ихэвчлэн 7-15 км гүнээс, шавар ойролцоогоор 3-4 км гүнээс гардаг. Энэ нь шавар галт уулыг газрын тос, хийн ордтой нягт холбоотойг илтгэнэ.
Ийм төрлийн галт уулууд тектоник хагарал, өндөр даралттай хий, тунамал чулуулгийн хуримтлалын нөлөөгөөр идэвхжиж, газрын гадаргад конус, бөмбөгөр, хавтгай оройт хэлбэрүүдийг үүсгэнэ.
Түүнчлэн дэлбэрэлтийн явцад газрын гадарга огцом өөрчлөгдөж, газар өргөгдөх, ан цав үүсэх, шинэ жижиг галт уулууд бий болох зэрэг динамик процесс ажиглагддаг.
Саарал, ногоон, цэнхэр, бор зэрэг янз бүрийн өнгөтэй байж болох ба энэ нь тэдгээрт агуулагдах эрдсээс хамаардаг. Жишээлбэл, ногоон өнгө нь магни их байгааг илтгэнэ. Мөн тоосго хийх боломжтой шаварлаг материал ялгаруулдаг.
Дэлхий дээр ойролцоогоор 2000 орчим шавар галт уул байдаг гэж үздэг. Харин тус цогцолборт яг хэдэн байгааг нарийн тоолох боломжгүй. Учир өдөр бүр шинэ жижиг шавар галт уулууд үүсэж, байнга өөрчлөгдөж байдаг амьд байгалийн систем юм хэмээн Севинж онцолж байлаа.
Тэр цэцэрлэгийн хүүхдүүдээ Бүдүүнээ, Эгч дүү гурав, Залхуу, Уйлж буй Мэри зэргээр онцлог шинжээс нь хамааран нэрлэжээ.
Севинжийн биднийг алмайруулсан өөр нэг танилцуулга бол тус цогцолборт дэлгэгдсэн чулууны үзэсгэлэн, тэдний домог байлаа.
Зарим чулууг хүмүүс хүний биеийн байдал, сэтгэл санаатай “холбогддог” гэж үзэж байсан. Эзнийхээ энергээс шалтгаалан өнгө нь өөрчлөгддөг гэх домог ч бий. Харин шинжлэх ухааны тайлбараар бол ийм өөрчлөлт нь хүний нөлөөнөөс бус, харин чулууны найрлага дахь эрдэс, металлын исэлдэл, гэрэл, чийг, температур зэрэг гадаад орчны нөхцөлөөс шалтгаалж үүсдэг байгалийн физик-химийн процесс юм.
Үүнээс гадна тус цогцолборт амьтдын яс, чулуужсан олдворуудыг хадгалсан музей бий. Зарим олдвор хэдэн арван мянган жилийн настай бөгөөд тухайн бүс нутгийн байгалийн түүхийг харуулдаг. Зарим амьтдыг одоог хүртэл бүрэн тодорхойлж чадаагүй байна.

Тэдний түүхийг өөрсдөө очиж үзэн нүдээрээ харж, мэдрэхийг ерөөж, энэхүү тэмдэглэлээ төгсгөе.
Сэтгэгдэл үлдээх