УИХ-аас баталсан тогтоолын дагуу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар БНХАУ-тай “Харбины гэрээ”-г байгуулсан билээ. Уг гэрээний зорилго нь маш тодорхой. Мухар төмөр замыг хил давуулах Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг айлын тал өөрийн хөрөнгөөр барьж өгнө. Харин энэ төлбөрт нь манай улс 2025-2040 онд 247 сая тонн нүүрсийг БНХАУ-д зарах ёстой. Тэд үнэгүй авъя гээгүй, худалдаж авч байгаа. Түүнчлэн 2030 оноос Тавантолгойн бүлэг ордын Бортолгой, Ончхараат ордоос БНХАУ-ын тал олборлолт хийхээр болсон билээ.
Нэг талаас мухар төмөр замыг ажилд оруулах юм байна гэж харж болох ч нөгөө талд энэхүү гэрээ нь хоёр улсын нууцын тамгатай байгаа нь олон хардлагыг дагуулж байна.
Гэрээ яригдаж байх үед тонн нүүрсний үнийг 100 ам.доллар байхаар яригдаж байж. Айлын талаас үнийг тодорхой хэмжээнд хямдруулах хүсэлт тавихад манай тал найр тавьж 20-30 хувь хямдруулсан гэх яриа гарсан. Зарим нь бүр 50 хувь хямдруулсан ч гэж ярьж байгаа. Энэ эргэлзээг арилгахад Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан зах зээлийн үнээр гэрээ хийсэн, 5-12 хувийн маржтай л байгаа хэмээн мэдэгдсэн. Гэвч Ж.Баярмаа, Д.Ганбат нарын санаачилсан хянан шалгах хороо УИХ-аар дэмжигдээгүй тул нүүрсээ үнэхээр хямд өгөөд байгаа юм биш үү гэдэг хардлагыг дагуулсаар байна. Уг гэрээний улмаас Монгол Улс 10 тэрбум ам.долларын алдагдал хүлээж байгаа гэж Б.Энхбаяр сайд ярьсан удаатай билээ.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Харбины гэрээтэй холбоотой асуултуудад хариулах үеэрээ “Өөрсдөө гуйж очиж хүнтэй гэрээ хийчихээд “Та нартай хийсэн гэрээ буруу байна, болохгүй байна” гэвэл урд айл “Уучлаарай, бид заавал та нараас нүүрс авах шаардлагагүй” гэнэ” хэмээн хариулсан нь олон нийтийн дургүйцлийг хүргэсэн. Хятад манайхаас нүүрс авахгүй байна гэдэг нь манай улсын төсөв бүрдэхгүй, муухайгаар хэлэхэд дампуурна гэсэн үг. Зүгээр л бодоод үзэхэд, Харбины гэрээг Монголын талаас ил болгоё гээд хүсэлт гаргахад Хятадын тал та нартай, та наргүй болно гээд нүүрс авахаа болино ухааны юм хэлчхэж. Гэвч учир мэдэх хүмүүс Б.Дэлгэрсайханы хариултад эргэлзэж байна. Учир нь, Хятадын тал авлига, хээл хахуультай сүүлийн жилүүдэд эрчимтэй тэмцэж байгаа тул Монголын тал гэрээнд хулгай, луйвар орсон эсэхийг нягталъя гэж байхад дэмжинэ гэж үзэж байгаа. Б.Дэлгэрсайхан энэхүү хариултаараа гал дээр тос нэмчихсэн гээд хэлэхэд буруудахгүй.
Угтаа Л.Оюун-Эрдэнэ өөрийн дураар энэ гэрээг хийгээгүй нь үнэн. Энэ гэрээг байгуулах эрхийг УИХ-аас олгосон учир тус гэрээг байгуулсан. Гэвч яг гэрээг байгуулагдсаны дараагаар нууцтай танилцах эрхтэй хүмүүс энэ талаар дуугараад эхэлсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар энэхүү гэрээг ил болгож, хянан шалгах хороогоор оруулах саналыг гаргасан ч УИХ-аар дэмжигдээгүй. УИХ-ын олонх нь МАН. Тиймдээ ч дараагийн сонгуулийн санхүүжилтээ энэхүү гэрээнээс олж авахын тулд хянан шалгах хороогоор оруулсангүй гэх олон нийтийн хардлага гарч байна.
Харбины гэрээг хоёр улс тохиролцсоны үндсэн дээр нууцад авсан. Хэрэв нууцаас гаргахаар бол хоёул зөвшөөрч байж гаргах ёстой юм байна. Үүнийг Б.Дэлгэрсайхан сайд яриа өгөх үеэрээ маш сайн тайлбарласан. Гэхдээ анхнаасаа яагаад нууцад авсан бэ, анх нууцад авах саналыг хэн гаргасан бэ гэдгийг хариулаагүй. Энэ асуулт одоог хүртэл эргэлзээтэй байна.
Харбины гэрээг улсад хохиролтой гэрээ болсон гэдгийг анхалж ярьсан хүмүүсийн нэг бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр. Тэрээр Харбины гэрээг хууль бус хэмээн үзэж, Ц.Туваан, Б.Дэлгэрсайхан нарыг огцрохыг шаардсан. Гэвч төд удалгүй чимээгүй болсон билээ. Харбины гэрээг олон нийтийн хэлэлцүүлэг болгочхоор тэр өөрөө одоо яагаад чимээгүй болсон бэ, ямар эрх ашигтай байсан бэ гэж олон нийт хардаж байна. Магадгүй, Харбины гэрээ гэж дуугарсан хэн бүхнийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр шиг чимээгүй болгож байна гэх олон нийтийн хардлага ч байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх