Жирэмслэлтийн үед болон төрсний дараа эмэгтэйчүүдийн сэтгэл зүй болон бие махбод хэрхэн өөрчлөгддөгийг олонтаа сонсож байсан ч эрчүүдийн тархинд юу болдгийг тэр бүрчлэн яриад байдаггүй.
Тэгвэл Өмнөд Калифорнийн Их Сургуулийн клиник сэтгэл зүйч, сэтгэл судлалын профессор Дарби Саксбе аав болж буй эрчүүдийн тархинд ямар өөрчлөлтүүд мэдрэгддэг талаар сонирхолтой судалгаа хийжээ.
Хайрын гормоны давлагаа
Хүүхэдтэй болох үед аавуудын тархинд хайрын давлагаа өндөр хурдтай явагддаг байна.
Нэгээс хоёр нас болон зургаан сараас доош насны нярай хүүхэдтэй аавуудад хайрын даавар гэж нэрлэгддэг окситоцин даавар өндөр илэрдэг байна.
Мөн Дарби Саксбе тэргүүтэй багийн судалгаагаар ихэвчлэн ээжүүдийн хөхүүл үед ялгардаг пролактин даавар төрөөгүй хүүхэдтэйгээ илүү дотно, идэвх сайтай эрчүүдэд өндөр ялгарч байжээ. Энэ даавар өндөр байгаа аавууд хүүхдээ төрсний дараа илүү их хайр халамж үзүүлдгийг урьдчилан шинжилдэг байна.
Үүгээр тэд зөвхөн эхчүүд л дааврын өөрчлөлттэй тулгардаггүйг нотолжээ.
Өсвөр насны сэтгэл зүй рүүгээ буцах нь
Дарби Саксбе эдгээр гормоны өөрчлөлтүүд нь эрчүүдийн тархинд эцэстээ хэрхэн нөлөөлдгийг судалжээ.
Түүний баг анх удаа аав болж буй эрчүүдийн тархийг сканердахад олон төрлийн мэдрэлийн өөрчлөлт явагдаж байжээ.
Саксбе энэ өөрчлөлтийг өсвөр насны хүүхдийн тархитай зүйрлэсэн бөгөөд тэр дундаа шинээр аав болж буй эрчүүдийн тархи яг л өсвөр насны хүүхэд шиг шинэ сорилт, өөрчлөлтөд дасан зохицох шаардлагатай болдог байна.
Сонирхолтой нь өөр нэг судалгаагаар шинэ төрөх гэж буй хүүхдэдээ зориулан аавын чөлөө авах гэж буй эрчүүдийн тархи илүү их сорилттой учирдаг байна.
Тестостерон дааврын бууралт
Эрэгтэйчүүдийн дааврын өөрчлөлтийг харуулсан анхны судалгааг Канадын хоёр эрдэмтэн Кэтрин Винн-Эдвардс, Энн Стори нар 2000 онд нийтэлжээ.
Судалгаагаар аав болсон эрчүүдийн тестостерон даавар хүүхэдгүй эрчүүдийнхээс бага байдаг нь тогтоогджээ.
Тус багынхан 2005 онд дундаж нас нь 21 настай гэрлээгүй 624 залуугаас судалгаа авч, эргэн дөрвөн жилийн дараа тестостероныг тогтоох судалгаа авахад гэрлээгүй басан үеэс аав болсны дараа энэ дааврын хэмжээ буурсан нь батлагджээ.
Тестостероны түвшин буурах явц нь ихэвчлэн хүүхэд төрсний дараа явагдаг бөгөөд энэ үед аавууд эмзэг, зөөлөн зан чанартай болдог ба гэр бүлдээ илүү анхаарал хандуулж, үүрэг хариуцлагаа ухамсарладаг байна.
Эцэст нь
Эдгээр судалгааны үр дүнд жирэмслэлтийн үед аав хүүхдийн холбоог бат бөх болгож, эрчүүдийн идэвх оролцоог сайжруулах нь аав болох гэж буй залуусын тархинд сайнаар нөлөөлдөг гэж үзжээ. Улмаар эрүүл, бат бөх гэр бүл үүсэх үндэс болдог байна.
Иймд жирэмслэлтийн үед аавуудын идэвх оролцоо хэр байхаас шалтгаалж, дараагийн алхмууд явагддаг байна.
Сэтгэгдэл үлдээх