Агаарын тээврийн компаниуд онгоцны түлшний үнэ өссөнтэй холбогдуулан үнээ нэмж, нислэгээ цуцалж байна

Д.Халиунаа
2026-04-24

Зуны аялал төлөвлөсөн бол нислэгийн тийзээ одоо аваад хадгалж байхад алзахгүй 

Ойрхи Дорнодыг хамарсан мөргөлдөөн эхэлснээр газрын тосны салбарыг доргисон. Үүний нэг нь онгоцны түлш юм. Онгоцны түлш нэмэгдсэнээр агаарын тээврийн компаниуд нислэгийн үнээ нэмж, зарим нислэгээ цуцалж буй нь төлөвлөгөөгөө гаргасан аялагчдын санааг зовоох болжээ. 

Их Британид үйлчилдэг олон компани нислэгийн тоогоо цөөлөөд байна. Үүнд 

  • KLM
  • Air Canada
  • Asiana Airlines
  • Delta Airlines
  • Lufthansa
  • SAS зэрэг компаниуд багтаж байна. 

Харин дараах компаниуд төлөвлөгөөгөө өөрчлөхгүй гэж мэдэгджээ.

  • British Airways owner IAG
  • EasyJet
  • Jet2Holidays

Зарим агаарын тээврийн компаниуд өөрсдөөс гарах санхүүгээ хэмнэхийн тулд нислэгийн тоогоо цөөрүүлж, зарим нь зорчигчдоос ачаа тээш зэргээс нь төлбөр нэмж авч байна.  Үүнд

  • Air France-KLM
  • Indigo
  • Pakistan International Airlines
  • Thai Airways
  • Turkish Airlines-Sun Express
  • Virgin Atlantic компаниуд багтаж байна. 

Энэ оны гуравдугаар сарын эхээр Ормузын хоолойг хаах болсон нь ийм байдалд хүргэжээ. Агаарын тээврийн салбарын түлшний хангамжийн ихэнх нь Ормузын хоолойгоор дамждаг байна. Яг одоогийн байдлаар компаниуд ноцтой түлшний хомсдолд ороогүй байгаа ч нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл зун гэхэд тус салбар түлшний хомсдолд орно гэж тооцоолжээ. Тиймээс салбарын хүмүүс энэ оныг дуустал байдал дээрдэхгүй гэж үзэж байгаа тул “хэрэв та зуны аялал төлөвлөж байгаа бол” тийзээ нөөцөлж байхыг зөвлөж байна. 

Олон улсын зөвлөх үйлчилгээний компани болох “Teneo”-ийн мэдээлснээр, зургаадугаар сард Лондонгоос-Мельбурн нислэгийн үнэ өнгөрсөн жилийнхээс 76 хувиар өссөн бол Хонконг-Лондон нислэгийн үнэ 72 хувиар өсжээ.

Харин манай улсын хувьд дөрөвдүгээр сар дөнгөж эхлэхтэй зэрэгцээд МИАТ ТӨХК билетийн үнэ Ази тивийн орнуудын нислэгт 5-7 хувь, Европын орнуудын чиглэлд 10-11 хувиар өсөх болсныг мэдэгдсэн. 

Учир нь тус компанийн үндсэн чиглэлийн нэг болох Франкфурт хотын Нисэх буудлын түлшний үнэ хоёрдугаар сарын дунджаар тнн тутамд 903 ам.доллар байсан нь энэ сар эхлэхэд 1821 ам.доллар буюу хоёр дахин нэмэгдсэн аж. 




 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe