АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон тэргүүн хатагтай Мелиниа Трамп нарын оролцож байсан Цагаан Ордны Сурвалжлагчдын Холбооны хүлээн авалтын үеэр зэвсэгтэй этгээд халдсан хэрэг бямба гарагийн орой болсон.
Хэрэг үйлдсэн этгээд хэргийн газарт баривчлагдсан ба Калифорни мужийн Торренс хотын оршин суугч 31 настай Коул Томас Аллен гэх залуу байсан талаар тус улсын хэвлэл мэдээллүүд мэдээлж байна.
Хэрэгтний зургийг өчигдөр буюу ням гарагт Трамп өөрийн сошиал хуудсаараа нийтэлжээ.
Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Тодд Бланш ням гарагийн өглөө "Face the Nation with Margaret Brennan" нэвтрүүлэгт оролцохдоо, мөрдөн байцаагчид “хэрэгтэн Трампын засаг захиргааны гишүүдийг онилж байсан” гэж үзсэн хэмээн ярьжээ.
Мөн халдлагын үеэр нийтдээ 5-8 удаа буун дуу гарсныг тогтоосон бөгөөд тэрээр гар буу болон, олон мэсээр зэвсэглэсэн байжээ. Хууль сахиулах байгууллагын хоёр эх сурвалжийн мэдээлснээр, Аллен галт зэвсгээ 2025 оны наймдугаар сард худалдаж авсан нь тогтоогджээ.
Халдлагын үеэр Трамп болон тэргүүн хатагтайг хамгаалж, аюулгүй нүүлгэн шилжүүлсэн бөгөөд онц ноцтой гэмтсэн хүн байхгүй гэж албаныхан мэдээлсэн байна. Харин хамгаалалтын нэг ажилтан буудуулсан ч сум нэвтэрдэггүй хантаазтай байсан тул хүнд бэртээгүй гэж үзжээ.
Аллен 2017 онд Пасадена дахь Калифорнийн Технологийн Их сургуулийг механик инженерийн бакалавр зэрэгтэй төгсөж, өнгөрсөн онд Домингез Хиллс дэх Калифорнийн Улсын Их Сургуульд компьютерын шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалахаар явсан гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Түүний талаар Калифорнийн их сургуулийн компьютерийн шинжлэх ухааны тэнхимийн профессор Бин Тан “Аллен бол үлгэр жишээ оюутан байсан” гэжээ.
Түүний шүүх хурлын эхний сонсгол даваа гарагт товлогдсон ба Тодд Бланш түүнийг яллах дүгнэлт гаргана гэж найдаж байгаагаа хэллээ.
Сэтгэгдэл үлдээх