ТТБЗ: Газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгээр халхавчлан орж ирсэн Сэлбэ дэд төвийн төслийг анхаарах шаардлагатай

Г.Энэбиш
2026-04-27

Эрдэнэбүрэн болон Газрын тос буюу монголчуудын 30 гаран жил хүлээж байгаа төсөлтэй дагадуулан чуулганы хуралдаанд гэнэтхэн орж ирсэн Сэлбэ дэд төвийн төслийг МАН бүлэг стратегийн ач холботой төсөл хэмээн зүтгүүлж үзээд явсангүй. Учир нь гишүүд 10 мянган айлын хороолол барих төсөлд нийслэлийнхэн өөрсдийн амраг садан, ах дүүсээ оруулж бондын мөнгийг хувийн эрх ашиг бүхий хуулийн этгээдэд олгсон асуудлыг хурцаар шүүмжилсэн. Энэ шүүмжлэлийн араас тус төсөлд хошуугаа шургуулсан байж болзошгүй Х.Нямбаатарын баруун гар гэгддэг НИТХ –ын төлөөлөгч  Б.Сэргэлэнбаатар болон Үнэн ба зөв намын ЕНБД Ш.Мөнхсайхан нарыг дайчлан баривчилсан юм. Тэднийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Сэлбэ хорин минутын хот” төслийн хүрээнд зарласан “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол /71 айлын 9 давхар барилга, 6 блок 71 айлын 12 давхар, 8 блок/ Багц 4.2 төсөл арга хэмжээ”-г сонгон шалгаруулахдаа хууль зөрчсөн байж болзошгүй гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авч, хянан үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.

Энэ Сэлбэ төв төсөл нь стратегийн ач холбогдол бүхий төсөл биш гэдгийг Төсвийн тогтвортой зөвлөлөөс анхаарах шаардлагатай гэдгийг аль хэдийн судлаад саналаа 27 хоногийн өмнө өгчихсөн байжээ. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл олон төсөвтэй болох эрсдэлтэйг сануулаад мөн Сэлбэ дээр илүү тодорхой дүгнэлт өгчээ.

9.2.18. ҮАГ-аас 2024 онд хийсэн Засгийн газрын өрийн баталгаа гаргуулах төслийн эрсдэлийн үнэлгээний дүгнэлтэд уг төлөвлөгөө нь санхүүжилтийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүйг онцолсон байхад 500.0 сая ам.долларын гадаад үнэт цаас гаргаж, арилжааны банканд байршуулсан нь Монгол Улсын гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлсэн боловч өрийн дарамтыг үүсгэсэн байна.

9.2.19. Орон нутгаас гаргасан гадаад үнэт цаас нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зээллэгийн төлөвлөгөөнд тусгаагүй, Стратегийн баримт бичигт дахин санхүүжилтээс бусад зориулалтаар Засгийн газрын гадаад үнэт цаасыг арилжаалахгүй байх Өрийн удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2 дахь заалттай нийцэхгүй байна” гэжээ.

Эндээс харвал, нийслэл 500 сая ам. долларын гадаад үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалсан боловч 2024 оны байдлаар тус бондын эх үүсвэрийг анх авсан зорилгодоо нийцүүлж ашиглаагүй, түүнээс 400 сая ам.долларыг арилжааны банкуудад хадгаламж байдлаар байршуулан 2024 оны байдлаар хүүний төлбөрт 5.7 тэрбум төгрөгийн алдагдлыг бий болгосон нь төслийг хэрэгжүүлэх зорилгоор авсан гадаад үнэт цаасны зорилго өөрчлөгдөн арилжааны банкуудын санхүүжилтийн эх үүсвэр болжээ гэж дүгнэж болохоор байна.

Сэлбэ дэд төвийн төсөв стратегийн ач холбогдол бүхий төсөл мөн үү?

Нэгдүгээрт, эхний хоёр төслийг стратегийн ач холбогдол бүхий мега төсөл хамээн онцолж байгаа боловч Сэлбэ дэд төвийн төсөл нь цэвэр арилжааны шинжтэй бизнесийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлж болох төсөл байж болохоор бөгөөд энэ хуулинд яагаад хамруулах болсон нь анхаарал татаж байна.

Хоёрдугаарт, эдгээр төслийн ТЭЗҮ, эдийн засгийн үр ашгийн тухай асуудал ихээхэн чухал бөгөөд энэ нь хуулийн төслийн салшгүй хэсэг байхыг анхаарах шаардлагатай. Дараагийн асуудал болох зээлийн ашиглалтын тухайд хуулийн үзэл баримтлал, Сангийн яамны ирүүлсэн мэдээллээс зээлийн ашиглалтыг сайжруулах шаардлага, үндэслэлийг тодорхой дурдсан байна.

Үүнд: - - 2025 оны байдлаар Монгол Улсын Их Хурлаар соёрхон батлагдсан, хэрэгжилтийг Засгийн газар хэрэгжүүлж байгаа нийт 17.9 их наяд төгрөгийн амлалтын дүн бүхий гадаад зээлийн 72 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд үүнээс 5.3 их наяд төгрөг буюу 29.6 хувийг ашигласан, үлдсэн 12.6 их наяд төгрөг буюу 70.4 хувь нь одоогоор ашиглагдаагүй, үүнээс 2025 онд 1.5 их наяд төгрөгийг ашиглахаар 2025 оны төсвийн тухай хуульд батлагдсан.

Эдгээр төслүүдийн 82 хувь нь 2025-2028 онд хэрэгжиж дуусахаар гэрээ, хэлэлцээртэй байгаа нь гэрээний хугацаанд санхүүжилтийн ашиглалтыг нэмэгдүүлж, төслүүдийг ашиглалтад оруулах зайлшгүй хэрэгцээ, шаардлагыг бүрдүүлж байна.

Гадаад төслийн зээлийн нийт ашиглагдаагүй үлдэгдэл одоогийн байдлаар 12.6 их наяд төгрөг буюу үүний 53 хувь буюу 6.7 их наяд төгрөг нь Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих мега төслүүдийн санхүүжилт байна.

Гадаад төслийн зээлийн ашиглалтыг 2025 оны түвшнөөр буюу дунджаар 1.5 их наяд төгрөг байхаар тооцвол зөвхөн уг 2 төслийг ашиглалтад оруулахад 10 гаруй жилийн хугацаа шаардагдахаар байгаа нь стратегийн 2 гол бүтээгдэхүүн болох газрын тос, цахилгаан эрчим хүчний импортын хараат байдал хэвээр байх эрсдэлийг нөхцөлдүүлж байна.

Дүгнэлт

Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих мега төслүүдийн хувьд эдийн засаг нийгмийн ач холбогдол өндөртэй, хоёр улсын дээд түвшинд гэрээ хэлэлцээрээр батлагдсан төслүүд тул ямар нэгэн боломжит хувилбарыг бий болгож хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг дурдаж байна. Ингэхдээ тухайн төслүүдийн эдийн засгийн үр ашиг, эдийн засаг, төсөвт үзүүлэх нөлөөллийн хувьд бодитой хандах шаардлагатай. Уг хуулийн төсөлд Сэлбэ дэд төвийн төсөл яагаад хамрагдах үндэслэл тодорхой харагдахгүй байгааг холбогдох талууд анхаарах шаардлагатай.

Зөвлөмж

 Энэхүү асуудлыг өнөөдөр, цаашид хэрхэн шийдвэрлэх нь зүйтэй талаар дараах зөвлөмжийг мөн хүргүүлж байна. - - - - “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” анхдагч хуулийн төслийн 4 болон 5, 7 дугаар зүйлүүд нь одоогийн мөрдөгдөж байгаа Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон бусад хууль эрх зүйн хүрээгээр тодорхойлогдсон Нийтийн /төрийн/ санхүүгийн тогтолцоог эрс өөрчлөх агуулгыг багтаасан байгаа тул төсөв, санхүүгийн өнөөгийн эрх зүйн зохицуулалт болон түүний төсвийн хатуу тогтоосон дүрмүүдийг хөндөхгүйгээр Улсын төсөвт ачааалал, сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байхаар асуудлыг шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх; Дунд урт хугацаанд нь дахин ийм нөхцөл бүрдүүлэхгүй байхын тулд төсөвт бодлогын орон зай бий болгох байдлаар төсвийн бодлогыг хэрэгжүүлэх; Хөгжлийн болон эдийн засгийн үр ашигтай төслүүдийг хөгжлийн банк зэрэг бусад институцийн орон зайг ашиглаж хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх. Хэрвээ дээрх хуулийг хэлэлцэн батлагдвал нэгдүгээрт, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн заалтуудын үндсэн зарчим, дүрэм, үйлчлэх хязгаарлалт, хүрээг хөндөхгүй байх, хоёрдугаарт, тодорхой хугацааны хязгаар зааж өгөх, гуравдугаарт, төсөл бүрийн үе шатны үнэлгээ, хяналтыг тодорхой эзэнтэйгээр хариуцуулах, дөрөвдүгээрт, зээлийн ашиглалт буюу санхүүжилтийн дээд хязгаарыг тусгах, тавдугаарт, ил тод, нээлттэй болон хариуцлагын механизмыг тодорхой зааж өгөх, зургаадугаарт, өөр бусад төслүүд нэмэгдэж тусгагдах боломжийг хаах зэрэг асуудлуудыг тусгах нь зүйтэй.

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд өгсөн ТТБЗ-ийн дүгнэлт, зөвлөмж бүрэн эхээр нь унших бол ийшээ хандана.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe