Х.Нямбаатар НИТХ-ын ээлжит бус хурлыг явуулж А.Баярт хариуцлага тооцно

Ц.Чимэдцэеэ
2026-04-27

НИТХ өнөөдөр ээлжит бус VII хурлаа хийх байсан ч зургаан цагийн турш хурал даргалагч А.Баяр хуралдаа ирээгүй.

Тэгвэл НИТХ-ын дарга А.Баяр Ажлын албаны даргаараа дамжуулан Ардчилсан намын төлөөлөгчид хурлыг хойшлуулах хүсэлт тавьсан учир өнөөдрийн хурлыг хойшлуулж байгаагаа зарлуулсан.

Гэвч Хотын дарга Х.Нямбаатар танхимд орж ирэн ээлжит бус хурлыг хуралдуулж, НИТХ-ын дарга А.Баярт хариуцлага тооцох талаар ярина гэв.

МУЗЗНДУтХ-ийн "46.3.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг нийт төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүйн саналаар, эсхүл Хурлын Зөвлөл, Хурлын даргын санаачилгаар хуралдуулна" гэх заалтын дагуу анх удаа НИТХ-ын даргыг орлон даргалж буй тул нэг удаагийн дэгээр хуралдана хэмээн Х.Нямбаатар мэдэгдлээ.

Дээрх зохицуулалтын дагуу 27 төлөөлөгчийн гарын үсэг цугласнаар ийнхүү хуралдах нөхцөл бүрдсэн гэв.

Өглөө 10.00 цагаас хойш ирц бүрдээгүй учраас Х.Нямбаатар төлөөлөгчид рүү өөрөө мессеж бичин, залгаж дуудсан. 

Одоогоор 45 төлөөлөгчийн 27 нь хуралдаж,  Ж.Батбаясгалангаар даргалуулахыг 26 нь дэмжсэнээр хурал үргэлжилж байна.

Хурал даргалж буй Ж.Батбаясгалан нь Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байх явцдаа 2018-2023 оны хооронд өөрийгөө 64 сая төгрөгөөр шагнаж, урамшуулж байсан билээ.

НИТХ-ын төлөөлөгч нар Х.Нямбаатараас хамааралтай байгаа талаар манай редакцын хөндөж байсан нийтлэлийн энд дарж, уншаарай.

А.Баярыг НИТХ-ын хэвийн үйл ажиллагааг тасалдуулсан, төсвийн тухай хууль зөрчсөн зэрэг үндэслэлээр огцруулах бичиг өргөн барих асуудлыг хэлэлцэж эхэллээ.

НИТХ-ын даргад нэр дэвшүүлэх хүнээ нам, эвслийн бүлэг санал болгох тул 30 минут завсарлана хэмээн Ж.Батбаясгалан хэллээ. Гэтэл АН-ын бүлэг хурал хойшлуулах хүсэлт тавьж, хуралдаанд суугаагүй. Төлөөллийн зарчим хангагдаагүй хурал ийнхүү үргэлжиллээ.

Төлөөлөгчдийн ирц 31 хүрч, 29 нь дэмжсэнээр А.Баярыг огцруулах НИТХ-ын тогтоолын төсөл батлагдсанд тооцлоо.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe