Нийслэлд сандал суудал, албан тушаалын томилгоо явж эхэлжээ. Тодруулбал, Гэрлэх ёслолын ордны захирлаар НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзулыг, Соёлын төв өргөөний даргаар НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяаг томилсон талаар бид мэдээлсэн.
Тэд өмнөх дөрвөн жилд төлөөлөгчөөр ажиллаж байхдаа ч нийслэлийн харьяа байгууллагыг удирдан ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, Ү.Оюунзул өмнө нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар, Л.Ариунтуяа нь Геодези, Усны барилга байгууламжийн газрын даргаар тус тус ажиллаж байсан юм.
Үүнээс гадна Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хоёр орлогчтой байх ёстой Нийслэлийн Засаг дарга маань албан бусаар таван орлогч даргатай болжээ. Тодруулбал, Хамтарсан Засгийн газрын зүгээс нийслэлд өөрийн хүмүүсээ томилсон бөгөөд “Бүтээмжийн менежер” буюу орлогчийн статусаар томилж эхэлсэн байна.
Одоогийн байдлаар АН-аас НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан, МАН-аас НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр нарыг менежерийн статустай томилсон байна. Харин ХҮН намаас ямар хүн томилох нь тодорхойгүй байна. Ташрамд, Л.Хосбаяр нь төлөөлөгчөөр сонгогдохоосоо өмнө ХЗДХЯ-ын газрын дарга, НЗДТГ-ын дарга, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан буюу Х.Нямбаатарын тун ойрын хүн гэдэг.
Эргээд гол асуудал руугаа орцгооё. 2024-2028 онд нийслэлийн иргэдийг төлөөлөн суух 45 төлөөлөгч өнгөрсөн оны 10 сард сонгогдсон.
НИТХ-ын төлөөлөгч нарыг нийслэлийн харьяа агентлаг, төсөвт өмчит байгууллагыг толгойлуулахаар томилдог нь нууц биш, ил асуудал.
Одоогийн байдлаар НИТХ-ын 45 төлөөлөгчөөс “давхар дээлтэй” буюу Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатарын халаасанд орсон 26 төлөөлөгч байна. Тодруулбал,
Энэ 26-аас гадна “давхар дээлтэй” гэвэл НИТХ-ын төлөөлөгч Б.Дөлгөөн Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байна. Түүний хувьд нийслэлийн харьяа байгууллагын дарга бус Хөрөнгийн биржийн захирлын албан тушаалыг хашиж буй. Гэвч саяхан 500 сая долларын бонд гаргасан нийслэлд Хөрөнгийн бирж их, бага хэмжээгээр нөлөө үзүүлэх магадлалтай гээд хардчихад буруутахгүй.
Төлөөлөгч Б.Ану-Үжингийн хувьд МАН-ын харьяа байгууллага буюу СДМЭХ-ын Нийслэлийн салбар холбооны даргаар ажилладаг. Мэдээж түүний дээд удирдлага нь Нийслэлийн МАН-ын дарга буюу Хотын дарга Х.Нямбаатар. Тэгэхээр Х.Нямбаатарын халаасанд нийслэлтэй, нийслэлгүй орчхож байгаа юм.
НИТХ-ын төлөөлөгч нар иргэдийг төлөөлөн сууж, шийдвэр гаргадаг гэдгээрээ Нийслэлийн Засаг даргаас илүү эрх мэдэлтэй.
Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг дарга, харьяа байгууллагууд нь аливаа асуудлаа НИТХ-д өргөн барьж, түүнийг нь НИТХ-ын төлөөлөгч нар хурлаараа хэлэлцэн шийдвэрлэдэг гэсэн үг. Бүр энгийнээр тайлбарлавал, НИТХ бол УИХ шиг хууль тогтоох, Засаг дарга бол Засгийн газар шиг гүйцэтгэгч субъект гэхэд буруутахгүй.
Гэтэл энэ мэтчилэн НИТХ-ын төлөөлөгч нар нь Нийслэлийн Засаг даргын харьяа агентлаг, өмчит байгууллагын даргаар томилогдон, Хотын даргын халаасны хүмүүс болсноор НИТХ-ын үйл ажиллагаа, шийдвэр гаргалтад нөлөөлж, Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан бүх асуудлыг олонх нь саадгүй дэмжиж, “ногоон гэрлээр” батлагдана гэсэн үг.
Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээг тогтоон хязгаарлаж, үйл ажиллагааг нь үнэлэн дүгнэх үүрэгтэй иргэдийн төлөөлөл ийнхүү үндсэн үүргээ умартан, Засаг даргын мэдэлд багтан, "утсан хүүхэлдэй" хийдэг тогтолцоог халах цаг нь болсон бололтой.
Сэтгэгдэл үлдээх