“Засгийн бүх эрх ард түмний гарт байна” гэвэл мөн хуцав аа. Үндсэн хуулийн энэ чухал зарчим үсдүүлж, чирүүлж байгаад хүчиндүүлж байхад үүнээс өөрөөр хэлчих аятайхан үг олдсонгүй.
Монголчуудын хагасыг төлөөлдөг 45 хүний бүрэлдэхүүнтэй НИТХ өглөөхөн албан хуудсаараа хойшлуулсан хурлаа ажлын цаг дуусахтай зэрэгцэн орой нь эхлүүлж, албан бус хуудсуудаар шууд дамжууллаа.
Энэ хурлаар хянуулах ёстой НЗД нь хянах ёстой НИТХ-ын даргаа огцруулна хэмээн мэдэгдсэнээр түүхэнд үлдэж, шүүхэд дуудагдахаар шийдвэр гарав.
Шүүхэд дуудагдах гэсний учир НЗД бөгөөд УБ хотын захирагч Х.Нямбаатар хурлын үеэр “Шулуухан хэлэхэд, захиргааны шүүх болон бусад байгууллагад өнөөдөр хэлсэн, үлдээсэн бүхэн маань нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ” гэсэнтэй нь холбоотой.
Эрх зүйн маргаан дагуулахаа мэдсээр байж ийн хүч түрэмгийлж буй аж.
Тэгвэл НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 40 нь МАН, 5 нь АН. АН хяналт хэрэгжүүлэх, хүчний тэнцвэрийг хангахаар чүү ай намын бүлэг байгуулж чадсан.
Иймд өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар иргэдийн шүүмжийг дагуулаад буй Туулын хурдны замын асуудлаар НЗД улс төрийн дэмжлэг авах гэж байна хэмээн үзэж, АН-ын бүлэг завсарлага хүссэн тухай өглөөний зард дурдагдсан байдаг.
Гэтэл бүхэл бүтэн 89 хувийг дангаараа бүрдүүлж буй МАН-ын бүлэгт дээрх нь том өрөөнд таавчиг шидэхтэй адил тул ийнхүү хүчээр хуралдлаа.
Ингэхдээ аль хэдийн гуравны нэгийн санал буюу 27 хүний гарын үсэгтэй НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах өргөх бичгээ өөрсдөө гардаж аваад, нэгнээсээ асуух зүйл ч алга гэдгээ ил тодоор зарлаад, өөрсдөө огцруулчихсан.
Энэ бол огтоос ганцхан албан тушаалтны тухай асуудал байсангүй. Харин иргэнийг төлөөлж суугаад, эрх мэдэлтнийг хянах ёстой байгууллагын үлбэгэр дорой байдал, засаглалын хяналт тэнцэл алдагдаж, хямрал болсны тод жишээ.
Хамгийн гол нь ийм нөхцөлд өөрсдөө унах нүхээ ухсан улс нь нийслэлчүүд. Төлөөллийнхөө бүхий л шатанд МАН-ыг дэмжиж, тэтгэж, өргөж гаргаж ирээд, өөрсдийнхөө хүсэл зориг, сөрөх зоригоо булшлуулж буй нь энэ.
Сэтгэгдэл үлдээх
Хурлын байгууллагад 18 жил ажиллаж байгаа хүний өнцөгөөс харахад хурлын порцес хуулийн дагуу явагдсан байна л гэж харж байна
Галбадрах
Дэмжих үү?
0 0