Хэсэгхэн хугацааны өмнө дөө. Бид МАН-ын хагарлыг Засгийн газар, УИХ-ын түвшинд хардаг байлаа. Гэхдээ тэдгээр албан тушаалууд нэг хүний гарт очсон учраас хэсэг чимээ намдсан. Гэхдээ удаан чих амраасангүй ээ тэдний тэмцэл нийслэл рүү орж ирэв.
Өчигдөр НИТХ-д болж өнгөрсөн жүжгийн гол зохиолыг хэн бичив, тайзны ард юу болсон бэ гэдгийг таамаглах гээд үзье. Хотын дарга Х.Нямбаатарыг Ерөнхий сайд Н.Учралын өрөөнөөс гарч ирснээс хойш тэр бүх үйл явдал өрнөсөн. Тэгэхлээр Ерөнхий сайд Н.Учралын өрөөнд Х.Нямбаатар тэр хоёрын хооронд нэг яриа болсон нь тодорхой. Х.Нямбаатар тэндээс гараад шууд Нийслэл рүү очиж НИТХ-ын ээлжит бус хурлыг хуралдуулах ажилдаа идэвхтэй орсон. Хуралдаан хойшиллоо гэж бодоод явчихсан байсан төлөөлөгчдийг хүртэл утсаар харааж, загнасаар эргүүлж дуудсан хэмээн эх сурвалжууд ярьж байв. Ингэн барин НИТХ-ыг хуралдуулах гээд байгаагийн цаад шалтгаан нь орой ажил тарах үед тодорхой боллоо. Төлөөлөгчид “НИТХ-ын дарга А.Баяр хурлаа хуралдуулахгүй, ажлын цагаар ажилдаа ирэхгүй байна” гэх нэг хүн зааж өгсөн мэт яриаг хэвлэлд яриад эхэлсэн. Удалгүй хотын дарга орж ирээд олонхыг нь суулгаж байгаад санал хураагаад Ж.Батбаясгаланг тухайн хуралдааны даргаар томилж байгаад А.Баярыг огцруулж НИТХ-ын төлөөлөгч, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Ихбаярыг хурлын даргаар, СХД-ээс төлөөлөгчөөр сонгогдсон Ж.Сандагсүрэнг НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар тавьж орхилоо. Яах вэ бүлэг хуралдаж сонгосон мэт дүр эсгэсэн. Яг үнэндээ өчигдрийн зохиолын дүрд хэн хэн хувирч байгаа вэ гэдгийг л Х.Нямбаатар танилцуулсан байх.
Д.Ихбаяр бол Н.Учралыг дагаж улс төрд орж ирсэн хүн. Ёстой цэвэр цусны Н.Учралын хүн. Харин Ж.Сандагсүрэн Х.Нямбаатарын бэлтгэж, улс төрд оруулж ирсэн хүн. СХД-ийн Засаг даргаас эхлээд л өнөөдрийг болтол авч явж байгаа. Ингээд харах юм бол НИТХ-ын дарга, бүлгийн дарга хоёроо эвтэйхэн хуваагаад авчхаж байна гэсэн үг. Одоо бид Ерөнхий сайд Н.Учралын өрөөнд Х.Нямбаатар тэр хоёрын дунд юу яригдсаныг гадарлаж болохоор болж ирж байгаа биз. За одоо эргээд Н.Учралын өрөө рүү буцъя.
Ерөнхий сайд Н.Учрал, Хотын дарга Х.Нямбаатар хоёр нэг талд зогсов...
Албан ч юм уу албан бусаар огцорчхоод байгаа НИТХ-ын дарга А.Баяр бол Э.Бат-Амгалантай нэг фракц. Э.Бат-Амгалан Х.Нямбаатар хоёр сүүлийн сар гаруй хугацаанд ил, далдаар нэгэнтэйгээ байлдсаар байгаа. Тийм учраас А.Баяр Х.Нямбаатарын оруулж ирсэн хамаг ажлыг НИТХ-аа хийхгүй гацаачхаад хөдөлж өгөхгүй явсаар ирсэн. Ингээд Х.Нямбаатар НИТХ-ын дарга А.Баярыг унагах зохиол сэдэж өчигдөр олон нийтэд харууллаа. Ерөнхий сайд Н.Учралтай уулзаад та НИТХ-ын дарга дээр өөрийн хүнээ тавь би бүлгийн дарга дээр өөрийн хүнээ тавья. А.Баярыг унагахад өөрийн зарим нэг хүмүүсээ хөдөлгөж хурал дээр дэмжиж санал өгүүлэх хэрэгтэй байна гэсэн байх. Томорч амжаагүй ч томрох магадлалтай хонх чихнээс нь зүүчхээд байгаа Э.Бат-Амгаланг яаж жийхээ мэдэхгүй байгаа Н.Учралд энэ санал таалагдсан нь лавтай. Яагаад вэ гэвэл Х.Нямбаатар үгүй гээд гүрийчихвэл Н.Учрал НИТХ-ын даргаа тийм ч амар авч чадахгүй. Х.Нямбаатарын хүмүүс НИТХ дээр олон. Толгой гашилгаж олох гээд байсан хоолыг нь ёстой сайхан порцлоод аваад ирсэнтэй ялгаа юу байх вэ. Ингээд Х.Нямбаатарын хувьд алсдаа зөв сонголт биш ч одоо цагтаа амьдрах дүрмээр нэг удаа тоглож аягүй байгаа талдаа нэг удаа бууж өгч байгаа нь энэ. Гэхдээ энэ бууж өгөлтөөрөө Э.Бат-Амгалангаа ялж байх жишээтэй. Тэгээд бүр бүлгийн даргатай. Харин Н.Учрал цаг үеийг ашиглан “аавдаа” НИТХ-ын даргын суудлыг аваад өгч байгаа нь ханасан биш ч чамлахааргүй нүүдэл. “Аав” ер нь бол Нийслэлийн намаа хотын даргатайгаа хамт авчих бодолтой л яваа. Гэхдээ энэ мэтээр Х.Нямбаатар манай талд тоглоод эхэлбэл заавал дахиж өөртөө дайсан хураах сонирхолгүй байж магадгүй юм.
Энэ бол сэтгүүлч миний улс төрийн өрнөл дээр ньюанс гаргаж байгаа таамаг гэдгийг уншигчид та бүхэн санаарай. Ямартай ч өчигдрийн хувьд Ерөнхий сайд Н.Учрал Хотын дарга Х.Нямбаатартай нийлж байгаад НИТХ-ын даргаа унагачихлаа. Тэд тайзны урд хоёр талд зогсож байгаа ч хоёул эрх ашгаа хангаж байгаа тул хэсэг зуур тайзны ард сайхан тэврэлдээд авлаа. Улс төрд угаас мөнхийн дайсан бөгөөд мөнхийн найз байхгүй шүү дээ. Ингэж л А.Баяр огцорсон болов уу даа гэж...
Сэтгэгдэл үлдээх
Нямбаатараа огцруулаад шалгаж хийх газарт нь хийгээчээ
иргэн
Дэмжих үү?
0 0