НҮБ-аас дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх төлөвтэй байгааг анхаарууллаа

Д.Халиунаа
2026-04-28

Газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа, улс орнууд шатахууны хомсдолд орж, үнэ нэмэгдлээ. Үүнийг дагаад дэлхийн хамгийн том бэлгэвчний компани үнээ нэмэхээр боллоо, компьютерын чип үйлдвэрлэхэд ашигладаг гелийн хомсдол үүслээ, нислэгийн тийзийн үнэ нэмэгдлээ. 2026 он ямар ч хайр найргүй эхэллээ. 

Гэхдээ яг энэ цаг үед л дэлхий дахинаа ийм хямрал үүсээд байгаа юу гэвэл мэдээж үгүй. 2022 оноос хойш одоог хүртэл үргэлжилж байгаа ОХУ-Украины дайнаас хойш бид эдийн засгийн өндөр хямралтай нүүр тулсаар байна. 

Энэ дайн арай ядан намжихна уу гэтэл өнгөрсөн оны зургаадугаар сард Иран-Израилын мөргөлдөөн эхэллээ. Энэ нь яван явсаар шинэ он эхлэхтэй зэрэгцээд АНУ, Израил хамтран Ираныг бөмбөгдөж эхэлсэн юм. 

Иран ч мөчөөгөө өгөлгүй хариу цохилтуудаа тасралтгүй явуулснаар мөргөлдөөн Ойрхи Дорнодыг хамарсан томоохон тэмцэл боллоо. 

Эхний өдрөө л гэхэд АНУ, Израилын цохилтууд Ираны Дээд удирдагчийг онилж, тус улсыг 37 жил удирдсан Аятолла Али Хаменеиг хөнөөсөн байдаг. Ингээд ихээхэн хохирол амссан Иранчууд дэлхийн нефтийн 20 хувийг дамжуулдаг Ормузын хоолойн тээвэрлэлтийг багасгаж, боомилж эхэлсэн. 

Үүнтэй зэрэгцээд тээвэрлэлтэд хүндрэл учирснаар газрын тосны үнэ нэмэгдэж, Персийн булангаас газрын тосны хэрэглээгээ хангадаг Азийн орнууд шатахууны хомсдол, үнийн хөөрөгдөлтэй нүүр тулсан юм. 

Өнөөдрийн байдлаар АНУ, Ираны талууд Ормузын хоолойг хаана, нээнэ гэсээр бариад авчих шийдэлд хүрээгүй л явж байна. 

Дээр дурдсанчлан Ираны мөргөлдөөн бэлгэвчний зах зээлийг ч тайван орхисонгүй. Энэ бол зүгээр нэг бэлгэвчний үнэ өссөн асуудал бус мөргөлдөөн хоёр сар үргэлжилэхэд бусад бараа, бүтээгдэхүүний үнэд ч нөлөөлж байгааг харуулж байна. 

Жишээ нь:

  • Саяхан гарсан шинэ судалгаагаар хамгийн хямд үнэтэй ангиллын агаарын нислэгийн тасалбарууд жилийн өмнөх үеэс дунджаар 24 хувиар өсжээ. Ингэснээр бусад улсын агаарын тээврийн компаниуд үнээ нэмж, нислэгээ цуцалж байна. Сүүлд гарсан мэдээллээр нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилвэл зун гэхэд агаарын тээврийн салбар түлшний хомсдолд орох эрсдэлтэй байна. 
  • Персийн булангийн тээвэрлэлт удааширсантай холбоотойгоор бордооны үнэ өсөж, компьютерын чип үйлдвэрлэхэд ашигладаг гелий хийн хомсдол үүсжээ. Бордооны үнэ 2022 онд Орос-Украины дайн эхэлснээс үүдэн нийлүүлэлт тасалдаж, урьд хожид байгаагүй дээд хэмжээндээ хүрч байсан. Ингээд 2024-2025 онд буурч эхэлсэн ч Ормузын хоолойг хааснаар дахин 20-30 хувиар өсжээ. Жишээ нь Urea бордооны үнэ дайнаас өмнө 400-490 ам.доллар байсан бол 70 хувиар өсөж, 700 ам.долларт хүрсэн байна. 
  • Үйлдвэрлэгчид түүхий эд авахад бэрхшээлтэй тулгарч байгаа тул Энэтхэгийн савласан усны үйлдвэрлэл дарамтад орж байна. 
  • Дэлхий дээрх таван бэлгэвч тутмын нэгийг үйлдвэрлэдэг Малайзад төвтэй Карекс компанийн үйлдвэрлэлийн зардал огцом өссөний улмаас бүтээгдэхүүнийхээ үнийг 30 хувиар нэмэгдүүлэх болсноо зарлалаа. Учир нь тус компанийн бүтээгдээхүүнд ашиглагддаг зарим төрлийн бодисын тээвэрлэлт гааж, үйлдвэрийн зардал эрс нэмэгджээ. 
  • Энэ дөрөвдүгээр сарын эхээр НҮБ тээврийн зардал нэмэгдэж байгаатай холбогдуулан сахар, сүүн бүтээгдэхүүн, жимс зэрэг өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхийг мөн анхааруулсан. 

Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт манай улсыг ч тойролгүй дайрч байна. 

  • Яг нэг сарын өмнө “Хүчит шонхор” захаас махны үнийн сурвалжилга хийхэд үхрийн цул махны үнэ 28.000 төгрөг байлаа. Харин өнөөдөр 1кг нь үхрийн мах 36.500 төгрөг болжээ. Нийслэлийн Статистикийн газраас нийтэлсэн энэ долоо хоногийн судалгаагаар атар талх, үхэр, хонины махны үнэ дахиад л нэмэгджээ. 
  • Харин шатахууны хувьд дизель түлшний үнэ нэмэгдээд байсан бол саяхан АҮЭБЯ-ны сайд ОХУ-д ажиллаж, дотоодын үнээр нь шатахуун нийлүүлэх тохиролцоонд хүрсэн тул ирэх тавдугаар сард үнэ нь нэмэгдэхгүй гэлээ. 
  • Дөрөвдүгээр сар дөнгөж эхлэхтэй зэрэгцээд МИАТ ТӨХК билетийн үнэ Ази тивийн орнуудын нислэгт 5-7 хувь, Европын орнуудын чиглэлд 10-11 хувиар өсөх болсныг мэдэгдсэн. Учир нь тус компанийн үндсэн чиглэлийн нэг болох Франкфурт хотын Нисэх буудлын түлшний үнэ хоёрдугаар сарын дунджаар тнн тутамд 903 ам.доллар байсан нь энэ сар эхлэхэд 1821 ам.доллар буюу хоёр дахин нэмэгдсэн аж. 





 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe