21 жил хүлээгдсэн Харбины гэрээ

.Graph
2026-04-29

(1-р хэсэг) 

21 жилийн дараа Монголчуудын хүсэл биелэх нь үү гэтэл..?

Ирэх сонгуулиар МАН Харбины гэрээнээс болж ялагдана, Ардчилсан нам Харбины гэрээг хөөгөөд л яваад байвал сонгуульд ялна гэх мэт үгс сошиалд хөвөрч байна. Болоо ч үгүй сонгуулийн үр дүнд нөлөөлөөд байгаа “Харбины гэрээ” гэж чухам ямар учиртай гэрээ юм бол…?

Graph Explained-ийн энэ удаагийн дугаарт та бүхэнд “Харбины гэрээ”-г байгуулах үндэс суурь нь юу байсан, хэрхэн байгуулсан талаар тайлбарлаж өгье. 

2004 он.

Хятад-Монгол хоёр улсын Засгийн газар тэртээ 2004 онд “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” хэмээх хэлэлцээрийг баталсан нь энэ бүхний эхлэл болсон. Хэлэлцээрийн хүрээнд хоёр улс гурван боомтоор төмөр замаар холбогдъё гэж тохирч. 

Энэ нь

  • Гашуунсухайт-Ганцмод
  • Замын-Үүд-Эрээн
  • Бичигт-Зүүнхатавч

Ингээд Хятадын талаас Ганцмод, Эрээн, Зүүнхатавч гэсэн өөрсдийн талын боомтуудад төмөр замаа холбочихсон. Харин хэлэлцээр батлагдаад 20-оод жил өнгөрч байхад манай улс гэрийн даалгавраа хийгээгүй сууж байсан.

Яагаад вэ гэж үү? Энэ бол бидний сайн мэдэх өргөн, нарийн царигны асуудал. Хойд хөрш өргөн царигтай, урд хөрш нарийн царигтай байсан нь манай улсын хувьд хэрүүлийн алим болчихсон. 

2008 он.

Монголд аж ахуйн нэгжүүд хөдөлж эхэллээ. Тэр дунд Энержи ресурс, МАК зэрэг компаниуд төмөр зам барьчихвал нүүрс тээврийн зардал буурч, илүү ашигтай ажиллах боломжтой гэдэг саналыг дэвшүүлж байсан. Тухайн үед манай улсад төмөр замын талаар эрх зүйн зохицуулалт байгаагүй тул Энержи Ресурс ХХК Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нарийн царигтай барих ТЭЗҮ боловсруулаад байлаа. Гэтэл Зам, тээврийн хөгжлийн яамнаас эсэргүүцэж, “Төмөр зам бол төрийн мэдэлд байх ёстой” гэж үзсэн. Ялангуяа, Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан Х.Баттулга “Хэрэв төмөр замыг нарийн царигаар баривал хятадууд танк ачаад ороод ирнэ” гэж айлгаж явсныг хүмүүс одоо ч хүртэл ярьдаг. Ингээд Засгийн газраас “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ыг УИХ руу оруулахдаа төмөр зам төрийнх байх ёстой, өргөн царигтай байх ёстой гэж оруулсан нь нэлээн маргаан дагуулсан. 

2010 он.

Засгийн газрын өргөн барьсан бодлого тухайн үеийн парламентыг хоёр хуваагаад байлаа. Нэг тал нь, “Аж ахуйн нэгжүүд төмөр зам баривал нарийн байг л дээ. Ямар манай гол магистралтай холбогдоод байгаа биш” гэж үзэж байсан бол нөгөө тал нь “Төмөр зам төрд байх ёстой, өргөн царигтай байх ёстой” гэж үзэж байсан. Ийнхүү УИХ-аар 2010 онд “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого” батлагдсанаар өргөн царигаар замаа барихаар болж, төр заавал үүнийг хянана, аж ахуйн нэгжээр төмөр зам бариулахгүй зэрэг заалтуудыг оруулсан байдаг.

2012 он.

Нэгэнт төрөөс эрх зүйн зохицуулалт бий болгож өгсөн тул Н.Алтанхуягийн Засгийн газар 2012 онд “Энержи Ресурс” ХХК-тай концессын гэрээ байгуулж, өргөн царигаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Гэвч Н.Алтанхуяг төслийг дуусгаж чадаагүй, ямар нэгэн байдлаар эсэргүүцэгч нар гарч ирсээр л байсан. 

2014 он.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад айлчлах үедээ өмнөд чиглэлийн төмөр замыг нарийн царигаар барьж байгуулсан тохиолдолд Хятадын тал санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн болохоо илэрхийлсэн. Иймд УИХ-ын 2014 оны 64 дүгээр тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нарийн царигаар барихаар болж, "Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн хариуцан гүйцэтгэж байсан өргөн царигийн төмөр замын барилгын ажил зогссон байна.

2020 он.

Өргөн царигаар төмөр зам барьж байсныг зогсоосон нь Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцээс дүгнэлээ. Ингээд буцаад л өргөн царигаар барих шийдвэр гарав. 

2022 он.

2020 онд шийдвэр гарав уу, үгүй юу Бодь интернэйшнл ХХК төмөр замын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж,  маш амжилттай дуусгаж, 2022 онд хүлээлгэн өглөө. 

2024 он. 

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл”-ийг  өргөн барилаа. Учир нь, хятадын төмөр зам хил дээрээ ирчихсэн, манай төмөр зам ч хил дээрээ ирчихсэн. Гэхдээ тэднийх өргөн царигтай, манайх нарийн царигтай. Дээрээс нь хоёр хилийг холбосон төмөр зам байхгүй байсан. Тиймээс энэ тогтоолын төслийг УИХ-аар батлуулснаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Харбины гэрээ”-г байгуулах эрхийг авч, дээрх асуудлуудыг цэгцлэх боломжтой болох байлаа. 

Тогтоолын төсөлд Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил холболтын төмөр замын санхүүжилт, гүйцэтгэлийг Хятадын тал бүрэн хариуцаж бүтээн байгуулахаар тусгасан. Үүнийхээ хариуд тэд манай улсаас 16 жил нүүрс худалдан авна. Түүнчлэн царигийн зөрүүтэй учир хил хооронд терминал байгуулж, ирсэн нүүрсийг буулгаж, ачих зарчмаар Хятад руу нийлүүлэхээр болсон юм.  

2025 он.

УИХ-аас тогтоолын төслийг соёрхон баталснаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт “Харбины гэрээ”-г байгуулах эрхийг олгосон билээ. Ингээд Засгийн газрын бүрэлдэхүүнээс 

  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, 
  • Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан
  • Шадар сайд Т.Доржханд
  • Уул уурхай, эрдэс баялгийн сайд Ц.Туваан
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй албаны хүмүүс очиж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хэлэлцээрт гарын үсэг зурснаар Харбины гэрээ хүчин төгөлдөр боллоо. 

Ийнхүү Монгол Улс 2004 онд байгуулсан хэлэлцээрийнхээ ажлыг 2022 онд дуусгаж, 2025 онд Харбины гэрээг байгуулснаар одоо ажил үргэлжилж байна. Хамгийн гол нь бид өргөн, нарийн царигийн хэрүүлээс болж 20-иод жилийг хий хоосон алдсан. Хэрэв 20 жилийн өмнө л аль нэг шийдвэртээ хүрчихсэн бол хоёрхон жилийн дотор л төмөр замтай болох байжээ. 

Үргэлжлэл бий…

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe