Хэвлэлийн эрх чөлөө: Норвеги тэргүүлж, Монгол “түр зуур амьсгаа авлаа”

.Graph
2026-04-30

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр  17 байр ахиж 85-д жагсав. RSF-ийн 2026 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексэд Монгол Улс нь дэлхийн дундажтай харьцуулахад “дунд түвшний буюу асуудалтай ангилалд” багтаж байна. 

Хэдийгээр өнгөрсөн 2025 онтой харьцуулахад ахиц гарсан мэт боловч 2020 онтой харьцуулахад хэвлэн нийтлэх эрхэд гарсан ухралтаа нөхөж чадаагүй байна. Манай 5 жилийн өмнө 200 гаруй улсаас хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр 75-р байранд жагсаж байсан юм. 

85-р байр буюу дунд түвшний улсад багтаж байгаа нь  хэвлэлийн эрх чөлөө бүрэн хангагдсан орнуудын бүлгээс доогуур, гэхдээ хамгийн ноцтой хязгаарлалттай орнуудын түвшинд хараахан хүрээгүй гэсэн үг юм.

Тайланд дурдсанаар Монголын хэвлэл мэдээллийн орчинд:

  • Хэвлэл мэдээллийн эдийн засгийн хараат байдал нэмэгдэж,
  • Улс төрийн нөлөөлөл болон өмчлөлийн төвлөрөл нь редакцийн хараат бус байдалд нөлөөлөх эрсдэлтэй хэвээр,
  • Сэтгүүлчдийн аюулгүй байдал “шууд хүчирхийлэл”-ийн түвшинд биш ч шүүх, дарамт шахалт, нөлөөллийн хэлбэрээр хязгаарлагдах хандлага ажиглагдаж байгааг онцолжээ.

RSF мөн Монголын хувьд хамгийн том сорилт нь “хууль эрх зүйн орчин ба эдийн засгийн тогтвортой байдал” бөгөөд эдгээр нь хэвлэлийн хараат бус байдлыг сулруулах үндсэн хүчин зүйл болж байгааг онцолжээ.

Ингэснээр Монгол Улс нь дэлхийн хэмжээнд хэвлэлийн эрх чөлөөний дунд шатны, тогтворгүй ангилалд хадгалагдаж байгаа бөгөөд ахиц гаргахын тулд улс төр, бизнесийн нөлөөллөөс редакцийн хараат бус байдлыг хамгаалах шаардлагатай гэж дүгнэсэн байна.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөө 25 жилийн доод түвшинд хүрэв

“Reporters Without Borders” (RSF)-ийн 2026 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс дэлхий даяар хэвлэлийн эрх чөлөө түүхэн доод түвшинд хүрснийг харууллаа. Судалгаанд хамрагдсан 180 орчим улс, нутаг дэвсгэрийн талаас илүү хувь нь “хүнд” болон “маш ноцтой” ангилалд багтаж, сүүлийн 25 жилийн хамгийн муу үзүүлэлт бүртгэгджээ.

RSF-ийн тайланд дурдсанаар, дэлхийн дундаж оноо хэзээ ч ингэж доогуур байгаагүй бөгөөд 2002 онд хэвлэлийн эрх чөлөө “сайн” түвшинд байсан хүн амын 20 хувь өнөөдөр 1 хувиас ч бага болж буурсан байна. Энэ нь мэдээлэл авах эрх дэлхий даяар эрс хумигдаж байгааг илтгэжээ.

Индексийн хамгийн их уналт хууль эрх зүйн орчинд ажиглагдсан бөгөөд олон улс оронд “үндэсний аюулгүй байдал” нэрийн дор сэтгүүл зүйг эрүүгийн гэмт хэрэг мэтээр авч үзэх хандлага нэмэгдсэн байна. RSF үүнийг хэвлэлийн эсрэг системтэй дарамт болж байгааг анхааруулжээ.



 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe