Оюутнууд ч гэсэн хүн

.Graph
2026-05-01

УИХ-ын гишүүн Ө.Шижирийн ажлын алба Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл боловсруулж дуусаад оюутнуудтай уулзан санал бодлыг нь хуулийн төсөлдөө багтаах ажлаа хийж эхэлжээ. Энэ хуулийн төсөл нь ердөө маш энгийн. Оюутнууд хэрэглээний төлбөрөө өөрөө олохын тулд цагийн ажил эсвэл зуны амралтаараа ажил хийх үед үндсэн ажилтнаас авдаг шиг олон шимтгэл авч гар дээрх цалин маш бага оногддог. Тэгвэл энэ хуулийн төсөлд ажил олгогч оюутан хоёрын хоорондох хөдөлмөрийн харилцааг зохицуулаад зогсохгүй гол заалт нь оюутнуудаас шимтгэл авдаггүй байхаар тусгасан байна. Оюутнуудын цалин үндсэн ажилтны цалингаас хоёр дахин бага байдаг учир шимтгэл нь гар дээр очих цалингийн 30 гаруй хувийг эзэлж олох орлого нь тэр хэрээр багасдаг. Тийм учраас оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаас нь олон заалт багтаасан анхдагч хуулийн төсөл юм.

Хуулийн төсөл хэрэгжсэнээр бий болох давуу талууд:

Оюутнууд дадлагажих

Ажилгүйдэл буурах

Аж ахуйн нэгжийн тогтвортой үйл ажиллагаа сайжирна

Эдийн засгийн өсөлт

Монгол Улсад оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Засгийн газрын 2016 оны 178 дугаар тогтоол гарч “Орлоготой оюутан” Үндэсний хөтөлбөрийг, 2020 оны 228 дугаар тогтоолоор оюутны цагаар хөдөлмөр эрхлэх журам зэрэг баримт бичгийг, 2017 онд “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хуулийг тус тус баталж байсан ч яг тодорхой үр дүн гаралгүй өнөөдрийг хүрсэн. Тийм учраас оюутан ажил олгогч хоёрын харилцааг тодорхой болгож хуулийн зохицуулалт хийх нь чухал байгаа юм. Оюутан бол хүн биш гэдэг нийтийн хандлага нэг хэсэг газар авч байлаа. Тэднийг шимэгч мэт үзэж хаа сайгүй л нүд үзүүрлэдэг байв. Гэхдээ оюутан ч гэсэн хүн гэдэг шиг ялгаагүй 10 жилийн сургуулийн сурагчид шиг улс орны ирээдүй болсон залуучууд. Цаг хугацааны хувьд хамаагүй богино хугацаанд ажил дээр гарах иргэд юм. Тийм учраас тэднийг чиглэсэн бодлого, хууль хэрэгтэй байгаа нь гарцаагүй. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe