Өнгөрсөн жил хуулсан явган замын хавтангаа Баянгол цэцэрлэгт хүрээлэнд буулган хаяжээ

.Graph
2026-05-01

Өнгөрөгч 2025 онд Улаанбаатар хотын 13 байршилд явган хүний замын хавтанг сольсон. Гэвч иргэдийн зүгээс энэ ажлыг хэт удаашралтай, солих шаардлагагүй хавтанг сольж төсвийн мөнгийг үрж байна хэмээн шүүмжилж байсан. 

Тэгвэл өнгөрсөн жил сольсон хавтанг Баянгол дүүрэг ашиглалгүй орхиж, Баянгол-Цэцэрлэгт хүрээлэнд буулган хаяжээ. Улмаар тус дүүргийн 20 дугаар хорооны “цэцэрлэгт хүрээлэн” гэж нэрлэгдээд буй бүс хавтан чулуунд дарагдан замхарсан байдалтай байна. 

Өнгөрсөн онд нийслэлийн явган хүний замын хавтанг солих ажилд ойролцоогоор 32 тэрбум төгрөг төсөвлөн ажиллажээ. 

Гэсэн ч солих нэрийдлээр эвдэрч, элэгдээгүй хавтангуудыг хуулж, ийн хаясан нь төсвийн мөнгийг үр ашиггүй зарж буйн илрэл юм. 

Тухайн үед нийслэлийн удирдлагууд хуулсан хавтангуудаа дахин ашиглана гэж мэдэгдэж байсан ч одоогоор Баянгол дүүрэг дахин ашиглаагүй хэвээр байна. 

Энэ талаар тус дүүргийн тохижилтын хэлтсийн даргаас тодруулахад “Дүүргийн хэмжээнд шаардлагатай байршлуудад нөхөн сэргээлт хийхээр төлөвлөж байна” гэлээ. Харин хүрээлэнгийн ажилтан “Тус хавтангуудыг өнгөрсөн жил буулгасан. Энэ хугацаанд ямар ч тээвэрлэлт хийгдээгүй” гэжээ.

Эх сурвалж: Eagle News сурвалжилга

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe