Оюу толгой ХХК “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн хүрээнд Архангай аймгийн Цэнхэр сумын 5 га талбайд мод үржүүлгийн газар байгуулж байна.
Байгууламжийн шав тавих ёслол, газар аргадах үйл энэ сарын 1 буюу хаврын адаг сарын 15-ны бэлгэт сайн өдөр боллоо.
Газар гуйх талаар Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнзинлин дацангийн лам М.Тэгшбаяр "Монголчууд бэлгэ дэмбэрлийг чухалчилдаг, байгаль дэлхийтэйгээ нягт шүтэлцээтэй, оршихуйн нандин уялдаа холбоотой ард түмэн. Үүний нэг илрэл бол тухайн газар орон болгон өөр өөрсдийн гэсэн эзэн савдагтай гэж үзэж, аливаа ажил эхлүүлэхдээ зөвшөөрөл авч, саадгүй бүтэхийг даатгадаг зан үйл" хэмээн тайлбарлав.
Цэнхэр сумын мод үржүүлгийн газар жилд 1.5 сая шилмүүст, навчит, жимсний мод, сөөгийн тарьц суулгац бэлтгэх хүчин чадалтай механикжсан иж бүрэн тоног төхөөрөмжтэй байна. Оюу толгой компани мод үржүүлгийн газрын барилгын болон эхний 2 жилийн үйл ажиллагааны зардлыг гаргаж байгаа.
Гүйцэтгэгч нь орон нутгийн "Цэцэрлэг Мандал Ар" ХХК буюу уг байгууламжийг барьж, үйл ажиллагааг хариуцан эрхэлнэ.
Шав тавих ёслолыг нээж үг хэлэхдээ Оюу толгой компанийн Байгаль орчны менежер Т.Самданжигмэд “Оюу толгой компанийн байгуулж буй зургаа дахь мод үржүүлгийн газар хангайн бүсэд, тэр дундаа хамгийн өндөр хүчин чадалтай бий болж байна. Зүгээр нэг ирээд явах биш эцсийн дүндээ сум орон нутагтаа бодитой ой болж үлдэх нь бидний зорилго” гэв.
Өнөөг хүртэл баруун бүсийг ойжуулахад шаардлагатай тарьц суулгац тогтвортой нийлүүлэх, мод үржүүлгийн байнгын үйл ажиллагаа эрхлэх суурь бааз цөөн, хангалтгүй байсаар ирсэн асуудлыг шийдвэрлэх алсын хараатай төсөл болж байна.
Тэгвэл Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид “Архангай аймаг болон Оюу толгой компанийн хамтын ажиллагаа энэ төслөөр эхэлж байна. Ойн салбарт хэрэгжүүлж буй орон нутгийн бодлого, шийдвэрийг хувийн хэвшил аваад явахад мэргэжлийн боловсон хүчин болон, техник төхөөрөмжийн нөөц бололцоо асар дутагдалтай байгаа энэ цаг үед шинэ эргэлтийн цэг болж байна” хэмээлээ.
Төслийн хугацаанд буюу 2030 оныг дуустал "Цэцэрлэг Мандал Ар" ХХК нь сум орон нутагтай хамтран ажиллаж, тодорхой тоо хэмжээний суулгацыг аймгийн ногоон байгууламж, ойжуулалт зэрэгт зориулан үнэ төлбөргүй нийлүүлнэ. ЕБС-ын сурагчдад экологийн боловсрол олгох чиглэлээр сум, орон нутагтай хамтран ажиллана.
"Цэцэрлэг Мандал Ар" ХХК-ийн Захирал Н.Жүгдэргарав “1992 онд Ойн инженер, механикийн ангийг төгссөн мэргэжлийн хүний хувьд байгаль орчны доройтол, ойн сан буурч байгаад сэтгэл эмзэглэж явдаг. Үүнд хувь нэмрээ оруулчих юм сан гэж бодож явсан минь бодит ажил хэрэг болсонд баяртай байна” хэмээж байлаа.
Цаашлаад Архангай аймагт нийт 60 га талбайг мод үржүүлгийн газартаа бэлтгэсэн тарьц суулгацыг ашиглан ойжуулахаар байна.
Цэнхэр сумын Засаг дарга Ч.Бармид “Төсөл хэрэгжүүлэх хүний нөөцийг сум орон нутгаас бүрдүүлэхээр гэрээлсэн нь ажлыг байр нэмэгдүүлэх, цаашлаад эдийн засгийн эргэлтэд сайнаар нөлөөлөх ач холбогдолтой болж байна. Мөн Архангай аймгийн хэмжээнд тарьц, суулгацыг нийлүүлснээр нутгийн хөрсөнд ургасан, амьдрах чадвар өндөр модоор ойн санг амжилттай баяжуулна” гэв.
Ийнхүү тус мод үржүүлгийн газар нь бүс нутгийг ойжуулах бодлогыг хэрэгжүүлэх бодитой хувь нэмэр оруулж байна.
Оюу толгой ХХК нь 2022 оноос хойш Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Сэрвэй суманд тус тус жилд 500 мянга, Ханбогд, Манлай, Баян-Овоо суманд тус тус жилд 250 мянган тарьц суулгац бэлтгэх хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгуулаад байгаа билээ.
Мөн Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Оюу толгой ХХК “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрөө хэрэгжүүлж, 36.4 сая модыг шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж ургуулжээ.
Сэтгэгдэл үлдээх