Аргентинаас Атлантын далайд байрладаг арлын улс болох Кабо Верде руу явж байсан усан онгоцонд хантавирусийн дэгдэлт гарсны улмаас гурван хүн амиа алдсан гэх мэдээллийг ДЭМБ мэдэгдлээ. Хантавирус нь мэрэгч амьтдаас хүнд халдварладаг вирус бөгөөд мэрэгчдийн ялгадаснаас агаарт дамжин хүнд хүрдэг байна.
Өмнөд Африкийн Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, уг хөлөг онгоц олон орны 150 орчим жуулчин тээвэрлэж явсан бөгөөд гурван долоо хоногийн өмнө Аргентины өмнөд хэсэгт орших Ушуайя хотоос хөдөлсөн байна.
Нас барсан гурван хүний нэгээс хантавирус халдварласан тохиолдол батлагджээ. 70 настай зорчигч эхнэртэйгээ явсан бөгөөд Гэгээн Хелена арал дээр ирэхдээ нас баржээ. Харин эхнэр нь Йоханнесбург хотын эмнэлэгт нас баржээ.
Одоогийн байдлаар нэг тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдсан бөгөөд нэмэлт таван сэжигтэй тохиолдол байна. Өвчилсөн зургаан хүний гурав нь нас барж, нэг нь Өмнөд Африкт эрчимт эмчилгээний тасагт байгаа бол нөгөө хоёроос нь халдвар илрээгүй байна.
Сануулахад, уг вирус анх өнгөрсөн жилийн гуравдугаар сард хэвлэл мэдээллээр цацагдаж байсан бөгөөд Оскарын шагналт жүжигчин Жин Хакманы эхнэр тухайн үед вирусийн улмаас нас барсан байдаг. Одоогоор хантавирусийн халдварыг эмчлэх тодорхой эмчилгээ байхгүй байна.
Сэтгэгдэл үлдээх