НИТХ-ын дарга А.Баяр ажлаа өгч буйгаа мэдэгдлээ

.Graph
2026-05-04

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр албан тушаалаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдэж, өнгөрсөн 1.6 жилийн ажлаа дүгнэжээ.

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэдэд ойр ажиллуулах, бодлогын шийдвэрийг газар дээр нь хэрэгжүүлэх зарчмыг баримталсан гэдгээ онцолж, энэ хугацаанд НИТХ нийт 16 удаа хуралдаж, 221 тогтоол баталсан нь нийслэлийн бодлого, үйл ажиллагааг тасралтгүй урагшлуулахад чиглэсэн гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Түгжрэлийг бууруулах чиглэлд нийтийн тээврийн нэгдүгээр эгнээг үе шаттай чөлөөлж, автобусны дундаж хурдыг 7 км/ц-аас 12 км/ц болгон нэмэгдүүлсэн бөгөөд зорчигчдын тоо 40 хувиар өссөн гэж дурдсан байна. Мөн 17 байршилд уулзварыг байнгын баруун эргэдэг болгосноор нэвтрүүлэх чадвар 30 хувиар сайжирсан гэжээ.

Скүүтер, мопедын хэрэглээг зохицуулах хүрээнд тодорхой зогсоолын цэгүүдийг бий болгож, түрээсийн үйлчилгээг цахим системд холбон 16-аас доош насныхны хэрэглээг хязгаарласан байна. Цаашид дугуйн замыг нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулах, мөн Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагатайг онцолсон байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд бодлогын өөрчлөлт хийсний үр дүнд 2025 онд авлига, албан тушаалын шинжтэй гэмт хэргийг 30 хүртэл хувиар бууруулсан бол 2026 оны эхний улиралд хулгайн гэмт хэрэг 32 хувиар буурсан үзүүлэлттэй байгааг мэдээлэв. Мөн нийслэлийн есөн дүүргийг бүрэн камержуулах, аж ахуйн нэгжүүдийн камерын сүлжээг холбох ажлыг эхлүүлжээ.

Түүнчлэн “Монгол хүн”, “Эх оронч сурагч”, “Empathy education”, “UB Debate” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, соён гэгээрлийн ажлыг өргөжүүлсэн байна.

Онцгой байдлын салбарт Нэгдсэн шуурхай удирдлагын төв байгуулж, яаралтай дуудлагад очих хугацааг 8–12 минут болгон бууруулах нөхцөлийг бүрдүүлсэн гэж мэдэгдэв.

А.Баяр үүрэгт ажлаа Д.Ихбаярт хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдээд, цаашид төлөөлөгчийн хувиар үзэл бодлоо илэрхийлж, нийслэлийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар байх болно гэв.

Мөн “мега төслийг дэмжинэ, харин хулгайг дэмжихгүй” хэмээн онцолж, ил тод, хариуцлагатай засаглалыг үргэлжлүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe