Нэгдүгээр тойрог зам төсөлтэй холбоотой НЗД-ын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайг авлигын гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэрэгт яллагдагчаар татан шалгаж байна.
Т.Даваадалай нь дээрх төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа гэр бүлийн хамаарал бүхий этгээд А-ийн болон, А-ийн үеэл дүүгийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдийн дансаар 5,6 тэрбум төгрөг, хамаарал бүхий этгээд А-ийн найзынх нь үүсгэн байгуулсан хоёр аж ахуйн нэгжийн дансаар 709 сая төгрөг, хамаарал бүхий этгээд А-ийн 50 хувийг эзэмшдэг компанийн дансаар 47,9 сая төгрөг гээд нийтдээ 6,6 тэрбум төгрөгийг авсан талаар эх сурвалжууд мэдээлсэн.
Уг хэрэг бүртгэлтийн хэргийг Нийслэлийн Прокурорын газраас тогтоосон харьяаллын дагуу 2026 оны 4 дүгээр сарын 29-нд Цагдаагийн байгууллагаас Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ.
Тус гэмт хэрэг нь хэр хэмжээний хохирол учруулснаасаа шалтгаалан нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасаж, мөн хугацаагаар хорих ялтай.
“Нэгдүгээр тойрог зам” нь хотын төвийг тойрон, таван дүүргийг дамжин өнгөрөх зургаан эгнээ бүхий нийт 24.7 км урт авто зам бүхий Нийслэлийн 24 мега төслийн нэг билээ.
Сэтгэгдэл үлдээх