АНУ, Ираны мөргөлдөөн гүнзгийрч, Ормузын хоолойн үйл ажиллагаа тасалдсанаар ОХУ-ын Urals газрын тос үнэ цэнд хүрч, үнэ нь огцом өссөн билээ. Мөргөлдөөн эхлэхээс өмнөх үе болох хоёрдугаар сарын сүүлээр Urals газрын тосны үнэ 60 ам.доллар байсан бол өнөөдөр 110 ам.доллар байна. Харин мөргөлдөөний эд үед энэ үнэ 126 ам.долларт хүрч, 2013 оноос хойш дээд түвшиндээ хүрэв.

Trading Economics (26.05.04)
Гуравдугаар сард ОХУ-ын экспортын өдрийн орлого хоёр дахин нэмэгдэж, 270 сая ам.доллар болжээ. Харин нэгдүгээр сард тус улсын экспортын орлого өдөрт дунджаар 135 сая ам.доллар байжээ.
Мөн гуравдугаар сард тэд чулуужсан түлшний экспортоосоо 6 тэрбум евро олсон бол дөрөвдүгээр сарын тооцоогоор есөн тэрбум ам.долларт хүржээ.
Ройтерс агентлагийн тооцоолсноор, Украины цохилтууд ОХУ-ын газрын тосны дэд бүтцийг онилсоор байгаа ч одоогоор нийт тээвэрлэлтэд нөлөөлөөгүй болохыг тогтоожээ. Энэ тавдугаар сард ч нийлүүлэлт өсөх төлөвтэй байна гэлээ. Гэхдээ энэ өсөлт удаан үргэлжлэхгүй бололтой.
Өөдөө шидсэн чулуу нь өөрийнх нь толгой дээр унах гэж байна
Эргэн санахад 2022 онд ОХУ Украин руу цохилтоо илгээж эхэлснээр өдийг хүртэл энэ дайн үргэлжилж байна.
Өнгөрсөн ням гарагт ОХУ ээлжит цохиотоо илгээснээр нэг шөнийн дотор 10 хүн амиа алдаж, 76 хүн гэмтжээ. Харин Украин ОХУ-ын газрын тосны дэд бүтцийг онилж, үе шаттай цохилтуудаа эрчимжүүлээд байгаа билээ. Энэ нь ОХУ-ын газрын тосны экспортыг сааруулж, эдийн засгийн өсөлтөд муугаар нөлөөлж байна.
Ням гарагт Украин Оросын хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн нэг болох Лукойл үйлдвэрийг онилжээ. Мөн гуравдугаар сарын сүүлээр ОХУ-ын хамгийн том нефтийн экспортын гарцууд болох Усть-Луга, Приморск боомт болон газрын тос боловсруулах томоохон үйлдвэрийн нэг Киришиг онилсон.

Усть-Луга боомт, 03.27 (зургийг BBC)

Приморск боомт, 03.23 (зургийг BBC)
Энэ үед ОХУ-ын газрын тосны экспортын хүчин чадал дор хаяж 40 хувиар буурсныг Ройтерс агентлагийн тооцоолол харуулж байв. Харин дөрөвдүгээр сард Оросын хамгийн том газрын тос экспортлох гол цэгүүдийн нэг Хар тэнгисийн Новороссийск боомт халдлагад өртсөнөөр экспортын хүчин чадал өдөрт ойролцоогоор 1 сая баррель буюу 20 хувиар буурсныг ОХУ-д төвтэй эдийн засгийн судалгааны байгууллага (CMAKP) тайландаа дурджээ. Энэ мэтчилэн тэд өнөөдрийн байдлаар ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон экспортын терминалуудад нийт 21 удаагийн амжилттай цохилт өгчээ.
Украин цохилтуудаа илгээж эхэлснээс хойш ОХУ ойролцоогоор 7 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.
Нефть бол Оросын эдийн засгийг бүрдүүлэгч амин хүчин зүйл бөгөөд төсвийн орлогын 30-50 хувийг дангаараа бүрдүүлдэг байна.
Ийнхүү Украины цохилтууд эрчимжснээр өнөө ашиг хүртэж байсан эдийн засгийн өсөлт бүрхэг болж, нефтийн экспорт эрсдэлтэй түвшинд хүрх аюултай байгааг дээрх судалгааны байгууллага тооцоолжээ.
Үүний зэрэгцээ барууны орнууд Оросын худалдаанд тавьсан хязгаарлалтаа чангатгасаар байна. Ингэснээр экспортын орлого буурч, рублийн ханш суларна гэж үзжээ.
Сэтгэгдэл үлдээх