Гадаад харилцааны яам Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын Монгол дахь салбартай хамтран “Аюулгүй, эмх цэгцтэй, дэг журамтай шилжилт хөдөлгөөний дэлхийн гэрээ”-ний хэрэгжилтийг үнэлсэн үндэсний тайлангийн хурлыг зохион байгууллаа.
Гадаад харилцааны яамны Бодлогын газрын дэд захирал Д.Бямбадорж,
“Өнөөдөр дэлхий даяар хүний шилжилт хөдөлгөөн нэмэгдэж буй энэ үед Монгол Улс хилийн чанад дахь иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, дотоод шилжилт хөдөлгөөний бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлага бодитоор тавигдаж байна. Иймд ШХДГ-ний хэрэгжилтийг үнэлж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ололт амжилт, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох нь нэн чухал юм” хэмээн онцлов.
Үндэсний сайн дурын үнэлгээнд хөдөлмөрийн шилжилт, хот-хөдөөгийн шилжилт хөдөлгөөн, диаспорагийн оролцоо, эргэн суурьшилт, уур амьсгал, гамшигтай холбоотой шилжилт, мэдээллийн засаглал зэрэг асуудлуудыг тусгасан байна. Энэхүү үнэлгээг төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага болон олон улсын түншүүдийн оролцоотойгоор боловсруулжээ.
Монгол дахь ОУШХБ-ын салбарын захирал, доктор Ёко Фүжимура,
“ШХДГ-ний Монгол дахь хэрэгжилтийг үндэсний хэмжээнд үнэлэх нь Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх зорилтуудтай уялдсан, аюулгүй, эмх цэгцтэй, дэг журамтай шилжилт хөдөлгөөнийг ахиулахад чиглэсэн үндэсний манлайлал, хамтын амлалтыг илэрхийлж байна. Энэхүү үнэлгээ нь ‘Алсын хараа–2050’ болон үндэсний хэмжээний бусад бодлогын баримт бичгүүдтэй уялдаа холбоог хангах чухал боломжийг бүрдүүлж байна” хэмээн тэмдэглэв.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ)-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн,
Нэгдсэн Үндэстний Байгууллага-ын Суурин зохицуулагч, ШХДГ-ийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд ОУШХБ төрийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, НҮБ-ын тогтолцооны хүрээнд уялдаа холбоог ханган ажиллахад техникийн манлайлал, тууштай дэмжлэг үзүүлж байгааг онцоллоо.
Тайлангийн үр дүнд Монгол Улс цаашид шилжилт хөдөлгөөний бодлогоо илүү тодорхой чиглэлүүдэд төвлөрүүлж, бүс нутгийн болон дэлхийн түвшинд танилцуулах юм. Уг үнэлгээг 2026 оны тавдугаар сарын 5–8-ны өдрүүдэд зохион байгуулагдах Олон улсын шилжилт хөдөлгөөний үнэлгээний форум-д танилцуулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл үлдээх