Шүүмжлэл дагуулсан геометрийн төлөвлөлттэй авто зам

.Graph
2026-05-05

Сошиал орчинд авто замын шинэчлэлийн ажил хийгдэж байгаатай холбоотой нэгэн ажил иргэдийн сонирхол, бухимдлыг зэрэг төрүүлээд байгаа билээ. Тэгвэл холбогдох албан газраас дараах тайлбар өгсөн юм.

Энэхүү авто замыг Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй авто замын төсөл бөгөөд зураг төслийг “Финниш оверсийс консалтинг” ХХК нь ерөнхий гүйцэтгэгчээр 2024 онд боловсруулж, холбогдох байгууллагуудтай зөвшилцөн, магадлалаар батлуулжээ. Тус гудамж, зам нь хотын авто замын сүлжээний хувьд туслах гудамж, замын ангилалд хамаарч тухайн орчны орон сууц, үйлчилгээний бүсийн дотоод хөдөлгөөнийг гол болон хуримтлуулагч замтай холбох, тээврийн хэрэгсэл болон явган зорчигчийн хөдөлгөөнийг аюулгүй, зохион байгуулалттай нэвтрүүлэх үндсэн чиг үүрэгтэй.

Мөн уг авто замын зураг төсөл нь орчин үеийн хот төлөвлөлтийн чиг хандлагад нийцүүлэн “иж бүрэн гудамж” концепцийн хүрээнд төлөвлөгдсөн. Өөрөөр хэлбэл, зөвхөн автомашины хөдөлгөөнийг хангах бус, явган зорчигч, дугуйтай зорчигч, нийтийн тээвэр болон орчны аюулгүй байдлыг цогцоор нь шийдвэрлэх зорилготойгоор дараах үндсэн зарчмуудыг тусгасан болно. Үүнд:

  • Явган хүний гарц, зам талбайг аюулгүй, хүртээмжтэй төлөвлөх
  • Хөдөлгөөний хурдыг орчны зориулалттай уялдуулан зохистой түвшинд барих
  • Замын геометрийг ашиглан хурд сааруулах, анхаарал төвлөрүүлэх шийдэл хэрэгжүүлэх

Зураг төсөлд уг байршлын явган хүний гарцын хэсэгт явган зорчигчийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, зорчих хэсгийг нэг дор бус үе шаттай гаргах, тээврийн хэрэгслийн хурдыг зохистой түвшинд сааруулах, жолоочийн харааны болон хөдөлгөөний чиглэлийн ойлгомжтой байдлыг сайжруулах зорилгоор дунд тусгаарлах арал бүхий зохион байгуулалтын шийдэл тусгагдсан.

Иргэдийн зүгээс “мурийсан” гэж ойлгож буй замын ирмэгийн хэлбэр нь хөдөлгөөнийг чиглүүлэх, хурд сааруулах геометр төлөвлөлтийн элемент юм. Энэхүү шийдэл нь тээврийн хэрэгслийн урсгалыг гарцын орчимд хэт шулуун, өндөр хурдтай нэвтрэхээс сэргийлж, жолоочийг гарцын бүсэд анхааралтай, хурдаа бууруулан зорчих нөхцөлийг бүрдүүлдэг.

Мөн дунд тусгаарлах арал нь явган зорчигчид замыг хоёр үе шаттайгаар гарах боломж олгож, зорчих хэсэг дээр байх хугацааг багасгах, эсрэг чиглэлийн урсгалыг тус тусад нь хянах, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх чухал үүрэгтэй шийдэл юм.

Одоогоор уг хэсгийн аюулгүйн арал, тэмдэг тэмдэглэгээ бүрэн хийгдээгүй, барилгын ажлын дараагийн үе шатанд хийгдэнэ. Ажил бүрэн дууссаны дараа тухайн хэсгийн зохион байгуулалт илүү ойлгомжтой болно хэмээн Нийслэлийн Авто замын газраас тайлбар хийсэн.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe