Эрүүл мэндийн зардалд өрхийн санхүүгийн гаргаж буй зардал 50 хувь руу дөхсөн нь ядууралд хөтөлж байна. Монгол Улсад иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахдаа зардлын ихэнхийг өөрсдөө гаргаж байгаа нь санхүүгийн дарамтыг нэмэгдүүлж, ядууралд өртөх эрсдэлийг дагуулж байгааг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс-ын 25 дахь илтгэл онцоллоо.
Тайланд дурдсанаар, Монголд эрүүл мэндийн нийт зардлын 30-40 орчим хувийг өрхүүд шууд халааснаасаа төлж байна. Энэ нь олон улсын жишигтэй харьцуулахад өндөр үзүүлэлт бөгөөд иргэдийг санхүүгийн хүндрэлд оруулах гол шалтгаан болж байгааг анхааруулжээ.
Ялангуяа эмийн зардал хамгийн их дарамт үүсгэж байна. Өрхийн эрүүл мэндийн зардлын ихэнх хувийг эм худалдан авахад зарцуулдаг бөгөөд зарим тохиолдолд нийт зардлын тал хувиас давж буйг дурдсан байна. Даатгалаар бүрэн хөнгөлөгдөхгүй, импортын хамаарал өндөртэй эмийн үнэ тогтмол өсөж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна.
Мөн иргэдийн тодорхой хэсэг нь зардлаа дийлэхгүйгээс болж эмчилгээ хойшлуулах, бүр татгалзах тохиолдол гарч байгаа нь хүний амь нас, эрүүл мэндэд шууд эрсдэл үүсгэж байгааг тайланд тэмдэглэжээ. Судалгаагаар, бага орлоготой өрхүүдийн дунд эрүүл мэндийн зардлаас үүдэлтэй “санхүүгийн сүйрэлд” орох эрсдэл илүү өндөр байна.
Комиссын хийсэн судалгаанд дурдсанаар эмийн зардал нийслэл, орон нутаг ялгаагүй улсын хэмжээнд өндөр бөгөөд энэ нь нийт өрхийн орлогод нөлөөлж байгаа нь харагдаж байна. ДЭМБ-аас 2022 онд хийсэн өрхийн орлого, зарлагын судалгаанд үндэслэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний ашиглалтын дүн шинжилгээнд хийсэн тайланд өрхийн эрүүл мэндэд зарцуулж буй зардлын бүтцийг авч үзвэл амбулаторийн эмийн зардал дунджаар 80 хувийг эзэлж байгаа бөгөөд ЭМД-ын эмийн үнийн хөнгөлөлт нь амбулаторийн нийт эмийн зардлын 27 хувийг эзэлж байна гэж дүгнэжээ.
Эрүүл мэндийн зардалд иргэнээс гарах хувийн төлбөрийн хэмжээг 25 хувиас хэтрүүлэхгүй байх стратеги болон Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний улмаас гадаад улсад эмчилгээ хийлгэхтэй холбоотой өрхийн санхүүгийн дарамтыг бууруулах бодлогын шийдлийг боловсруулах шаардлагатай болжээ. Мөн эмийн үнэ, чанарт тавих төрийн хяналт сул байна Иймд Комиссоос эрүүл мэндийн даатгалын хамрах хүрээ, эмийн үнийн зохицуулалтыг сайжруулах, иргэдийн шууд төлбөрийг бууруулах бодлогын шинэчлэл яаралтай шаардлагатайг онцоллоо.
Сэтгэгдэл үлдээх