“MCS Internship 2026” цалинтай дадлагажих хөтөлбөрт 66 оюутан шалгарлаа

Д.Халиунаа
2026-05-06

М-Си-Эс Групп 2022 оноос эхлэн жил бүр оюутнуудын дунд цалинтай дадлагажих хөтөлбөрийг зохион байгуулж байгаа билээ. 

Энэхүү хөтөлбөр нь залуусын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, мэргэжлийн өндөр ур чадвартай, санал санаачилгатай шинэ үеийг дэмжих зорилготой юм. Энэ жилийн “MCS Internship 2026” цалинтай дадлагажих хөтөлбөрт 900 орчим оюутнаас дөрвөн шатны шалгаруулалтыг амжилттай давсан 66 оюутан шалгарч, батламжаа гардан авлаа.

Хөтөлбөрт Монгол Улсын болон гадаадын их, дээд сургуулийн 3, 4-р дамжааны оюутнууд хамрагдах боломжтой юм. Мөн энэ жил гадаадын 103 их дээд сургуулийн 800 гаруй оюутан хүсэлтээ илгээжээ. 

Дадлагажигч оюутнууд М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай 15 компанийн 18 чиглэлийн ажлын байранд суралцаж буй мэргэжлээрээ цалинтай ажиллаж, бодит туршлага хуримтлуулахаас гадна М-Си-Эс Академийн багц сургалтуудад хамрагдах, группийн компаниудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай танилцах, улмаар ирээдүйн карьерынхаа чиглэлийг тодорхойлох боломжтой юм.

“MCS Internship” цалинтай дадлагажих хөтөлбөр нь хувь хүний карьерын эхлэлийг дэмжихээс гадна боловсрол, хөдөлмөрийн зах зээлийн уялдаа холбоог сайжруулж, эрэлтэд нийцсэн чадварлаг боловсон хүчин бэлтгэх, нийгмийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. 

 М-Си-Эс Холдинг ХХК-ийн Талент бүрдүүлэлт хариуцсан захирал Б.Цолмон

М-Си-Эс Групп тав дахь жилдээ цалинтай дадлагажих хөтөлбөрөө зохион байгуулаад явж байна. Энэ хугацаанд 230 гаруй оюутан хөтөлбөрт хамрагдсан бол үүнээс өнөөдрийн байдлаар 30 орчим оюутан үргэлжлүүлэн ажиллаад явж байна. Бид оюутнуудаасаа мэргэжлийн ур чадвараас  гадна түлхүү харилцаа хандлага, асуудал шийдвэрлэх чадвар, зорилгоо тодорхойлсон байдал зэрэг ур чадварыг хардаг. 

МУИС-ийн Олон улсын харилцааны 4-р дамжааны оюутан Г.Оюутцэцэн

М-Си-Эс Группийн цалинтай дадлагажигчийн талаар анх 2024 онд мэдэж байсан. М-Си-Эс-ийг сонгох болсон хамгийн том шалтгаан гэвэл мэдээж монголын тэргүүлэх группийн нэг учраас сурч мэдэх зүйлс маш их гэж бодож байна. Мөн ажилтнууд нь компанитайгаа хамт өсөн дэвшээд явдаг нь гоё санагдсан. Миний хувьд ярилцлагын шатанд орохдоо их бэлдэж орсон тэнцсэндээ баяртай байна.

Utah их сургуулийн Компьютер инженерийн 3-р дамжааны оюутан А.Эрдэмбилэг

Миний хувьд цаашдаа мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр гүнзгийрүүлэн суралцах хүсэлтэй байгаа. Тиймээс энэхүү хөтөлбөрт хамрагдаж, тэнцсэн учраас М-Си-Эс Холдинг ХХК-д дадлагаа хийхээр сонгосон. Гурван сарын хугацаатай дадлагын үеэр түлхүү том компаниудын мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалтын талаар сайн мэдэж, туршлага хуримтлуулъя гэж бодож байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe