ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Жеффри Эйпштейнтэй холбоотой асуудалд ажлын хэсэг байгуулж, өргөтгөсөн байдлаар ажиллана” хэмээн мэдэгдлээ. Жеффри Эйпштейн бол АНУ-ын хөрөнгө оруулагч, бизнесмэн асан. Тэрээр хүчирхийлэл үйлдсэн, тэр дундаа хүүхдийг бэлгийн мөлжлөгт байлгасан хэргээр 2019 онд баривчлагдан шалгагдаж байхдаа нас барсан. Түүний хэрэгтэй холбоотой үй түмэн баримтыг АНУ-ын Засгийн газар шат дараатай ил болгосноор Жеффри Эйпштейний зүй бус хэргүүдэд Билл Клинтоноос эхлүүлээд дэлхийн нэр нөлөө бүхий хүмүүс холбогдож эхэлсэн юм. Түүнтэй манай Монголын улс төрчид хүртэл холбоо тогтоож явсан бөгөөд тэдгээр баримтад
Монголын улс төрчдийн холбоо нь гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн бодлого, сонгуулийн сэдэвтэй байсан аж. Эйпштейний баримттай холбоотой мөрдөн шалгах ажиллагаанд АНУ-д үргэлжлүүлэн хийсээр байгаа бөгөөд эцэслэн шалгаж дуусаагүй байгаа юм.
Гэтэл манай улсын ХЗДХ-ийн сайд өөрийн улсын хулгайгаа яая гэж байж өөр улсын шалгаж дуусаагүй байгаа хэрэг рүү өнгийж сууна. Жеффри Эйпштейний гэх хэрэг бол дэлхий дахин жигшүүрт хэрэг мөн. Гэхдээ тэнд дурдагдсан таван монголоо шалгаж, сошиалд дүүжлэхийн оронд өөрт байгаа өчнөөн ажлаа хиймээр байна. Тэр хэргийн АНУ өөрөө шалгаад, гэмт этгээдүүдийг ил тод зарлачихна, тэгж ч байгаа.
Хулгайчдаар дүүрсэн парламентаа яах вэ?
Хоёр жилийн нүүр үзэж буй энэхүү парламентад шалгагдаж, яллагдагчаар татагдсан нийт 11 гишүүн байгаа нь бага тоо биш. Тэдний 7 нь албан ёсоор яллагдагчаар татагдсан байна. ХЗДХ-ийн сайд мөрдөн шалгалтад хөндлөнгөөс оролцох эрхгүй. Гэхдээ хөшигний цаана ямар хэргийг хэзээ гаргаж ирж шалгах вэ гэдгийг шийддэг хэмээн олон нийт харддаг. Яллагдагчдын өлгий нутаг болсон парламентаа цэвэрлэх ажил уг нь Эйпштейний хэргээс чухал байна.
Туулын хурдны зам
Нийслэлийн хэрэгжүүлж байсан Туулын хурдны зам төслийг Ерөнхий сайд түр зогсоогоод байгаа. Энэ ажлыг яаралтай нэг тийш нь болгох ажлыг уг нь өргөтгөсөн байдлаар ажиллаж нэг тийш болгомоор байна.
Харбины гэрээ
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын байгуулсан Харбины гэрээ Монгол Улсад асар хохиролтой байгааг зарим УИХ-ын гишүүн хэлээд байна. Уг гэрээ Монгол Улсын нэг жилийн төсөвтэй тэнцэхүйц алдагдалтай гэж яригдаад байгаа. Энэ ажлыг өргөтгөсөн бүрэлдэхүүнээр шалгахгүй юм уу.
Бодь групп
Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замыг бүтээн байгуулсан Бодь групп ажлынхаа хөлсөнд нүүрс бартердсан билээ. Тэгвэл тус компанид нүүрс өгөх гэрээг оффтейк байдлаар байгуулсан. Уг гэрээнүүдийг шалгая гэж сүүлийн жилүүдэд ярьсаар байна.
Албаны нууцууд
УИХ-ын гишүүд Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хууль батлагдвал төрд нууцлах мэдээллийг Засгийн газар биш УИХ шийддэг болно. Ингэснээр албаны нууц гэж байхаа больж, сайд дарга нар дурын мэдээллээ албаны нууц нэрээр хав дардгийг болиулар юм. Уг нь хулгай луйвраас сэргийлэх энэ хууль одоо хаана явна аа?
Улсын ажилд эрэмбэ хамгийн чухал. Яагаад гэвэл сайд дарга нар ажлаа зөв эрэмбэлж байж, яаралтай ажлыг хамгийн түрүүнд үр дүнтэй шийдэж чадна. Гэвч С.Амарсайханы хувьд энэ эрэмбэ алдагдчихлаа. Эрэмбийн хувьд Эйпштейний хэргээс илүү дээрх асуудлууд чухал байна. Эйпштейний хэргийн буруутнуудыг АНУ-ын Засгийн газар зарлаад өгчихнө. Харин дээрх ажлуудыг цаг алдалгүй хийснээо Монголын төрд жаахан ч гэсэн гэрэл тусна. Өөр өчнөөн ажил байна аа, С.Амарсайхаан, ажлаа хий.
Сэтгэгдэл үлдээх