С.Баярцогт: Надад АН-ыг ялалтад хүргэх хүсэл зориг, боломж бий

.Graph
2026-05-06

АН-ын ҮБХ хуралдаж байна.

Намын дүрмийн дагуу тус нам таван дэд даргатай байх бөгөөд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа, Н.Ганибал П.Мөнхтулга, ҮБХ-ны гишүүн Ч.Өнөрбаяр нэр дэвшлээ.

Мөн Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргад С.Баярцогтыг батламжлуулахаар санал болголоо.

Энэ үеэр С.Баярцогт ийнхүү хэллээ.

Сангийн сайдын ажлыг авч байхад дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг -1.6 хувьд хүрч агшсан, мөн арилжааны системийн шинжтэй хоёр банк дампуурсан хүнд нөхцөл байдалтай байв. Энэ үед Олон улсын валютын сантай 18 сарын “Стэнд-бай” хөтөлбөрийг анх удаа амжилттай хэрэгжүүлж, өмнө нь дөрвөн удаа бүтэлгүйтэж байсан төслийг хэрэгжүүлснээр 2011 он гэхэд эдийн засгийн өсөлтийг 17.4 хувьд хүргэж чадсан. Түүнчлэн олон жил гацсан Оюу толгойн гэрээ-г амжилттай байгуулж, өнөөдөр Монголын эдийн засгийн хамгийн том бүтээн байгуулалт, татвар төлөгч, ажил олгогч болоход чухал хувь нэмэр оруулсан.

Мөн 2011 онд ОХУ-д төлөх 180 сая ам.долларын өрийн асуудлыг хоёр гаруй жилийн хугацаанд хэлэлцэн, 97.8 хувиар хөнгөлж, үлдсэн 3 сая ам.долларыг төлснөөр 2015 он гэхэд Монгол Улс ОХУ-д өргүй болсон. Энэ нь зөвхөн хувь хүний амжилт бус, Сангийн яамны хамт олны хамтын хөдөлмөрийн үр дүн байсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Улс төрийн хүрээнд нам эв нэгдэлтэй байх үедээ ялалт байгуулж ирсэн туршлагад тулгуурлан, 1998, 2004, 2008, 2014 онуудын эвслийн Засгийн газрын гэрээг ахлан боловсруулж байсан. Сүүлийн жилүүдэд нам дотор үүссэн хуваагдлыг даван туулж, 2021–2023 оны хооронд намыг нэгтгэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон. Цаашид намын зохион байгуулалтын бүтцийг удирдан, 30 гаруй нэгжийг нэгдсэн бодлогоор хангаж ажилласнаар ялалтад хүрэх боломжтой гэж үзэж байна. Иймд намын удирдлагын зүгээс итгэл хүлээлгэж буйд талархаж, өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe