Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүдийн хамт /2026.05.06/ хувийн хэвшил, хөрөнгө оруулагчидтай уулзлаа.
Ерөнхий сайд Засгийн газрын “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого”-ын хүрээнд хийсэн ажил, цаашид хийх ажлын төлөвлөгөө, бодлого, үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Эхний нэг сарын хугацаанд шийдвэрлэсэн зарим ажлаасаа эхлээд мэдээлжээ
5 станцад хуримтлуурын станцыг хувийн хөрөнгө оруулалтаар барих ажилд урив
Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай Засгийн газрын тогтоол буюу ногоон “тогтоол” батлагдсан тухай дэлгэрэнгүй танилцууллаа. Орхон, Өвөрхангай, Хэнтий, Дундговь, Говь-Сүмбэр аймагт батарей хуримтлуурын станцыг хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх сонгон шалгаруулалт зарлахаа мэдэгдээд хувийн хэвшлийнхнийг урилаа.
Засгийн газар иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Тус хуульд оруулсан өөрчлөлтүүдийн төслийн талаар товч танилцуулав.

Авлигыг бууруулж, бодит үр дүнд хүрэх зорилтын хүрээнд иргэн өөрөө төрийг хянах “Шилэн” /shilen.gov.mn/ ажиллагааг үргэлжлүүлнэ. Шүгэл үлээгчийн эрх зүйн хамгаалалтыг бий болгоно. Нийтийн албан тушаалтны хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураадаг болно.
Төрийн нууцын тухай хуулийг батлуулж, албаны нууцаас чөлөөлнө. Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна. Төрийн өмчит компани болон удирдах албан тушаалын тоог бууруулж, зардлыг танана. Хиймэл оюуны хэрэглээг худалдан авах ажиллагаа, хүний нөөцийн сонгон шалгаруулалтад нэвтрүүлж, хүнээс хамаарсан авлига, хүнд суртлын эх үүсвэрийг зогсооход анхаарч ажиллаж байна.
Бизнесийн үйл ажиллагаа явуулахад хориглолт, хязгаарлалыг хуулиар л тогтооно
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиар бизнесийн үйл ажиллагаа явуулахад хориглолт, хязгаарлалт тогтоох бол зөвхөн хуулиар тогтооно. Үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, шударга өрсөлдөөнийг дэмжих гэсэн гурван үндэслэлээр хязгаарлалт тогтоож болно. Бусад тохиолдолд бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэхээр тусгажээ. Монгол Улсад 41 хуулийн 49 зүйл заалт буюу зохицуулалтаар гадаадын хөрөнгө оруулалттай ААН үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулалт хийхийг шууд болон шууд бусаар хориглож, хязгаарлажээ. Иймд зайлшгүй хязгаарлалт, хориглолт тогтоох шаардлагатай салбараас бусад 16 салбарын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар зохицуулжээ.
Ган болон зэс боловсруулах цогцолбор, Алт цэвэршүүлэх үйлдвэр, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк, Газрын тосны үйлдвэрийн цогцолборууд, Нүүрс пиролизийн үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлнэ.
Алтанбулаг, Замын-Үүд, Цагаан нуур, Хөшигийн хөндий болон Хархорин, Дорнодод шинээр байгуулах чөлөөт бүсүүдийг экспорт, импортын баримжаатай чөлөөт бүсийн загвараар шинэчлэн хөгжүүлнэ зэрэг мэдээллийг “ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ДӨРВӨН ЗАМ, ДӨРВӨН ЧӨЛӨӨЛӨЛТ” танилцуулгаараа өглөө.

Сэтгэгдэл үлдээх