Ардчилсан намын удаан үргэлжилсэн дотоод бүтцийн асуудал нэг талдаа гарч байх шиг байна. Өчигдөр ҮБХ-ны хурал явагдаж таван дэд даргаа, Ерөнхий нарийн бичгийн даргатайгаа хамт сонголоо. Одоо тэдэнд онгорхой үлдсэн ганц суудал нь бүлгийн дарга. Шинэ бүлгийн даргаа яг сонгодог дээрээ гацчихсан. Биш ээ гацаачихсан гэдэг үг илүү тохирох юм байна. Учир нь эхлээд С.Баярцогт ЕНБД-аар томилогдох ёстой болов. Олон жилийн туршлага нь онож бас зөрж явсан С.Баярцогтын асуудлыг ярихын өмнө урьтал болгож бүлгийн даргын асуудал юу болов гэдэг дээр таамаг дэвшүүлье. Тэгээд цааш зангилаа нь гарч ирэх байх.
Бүлгийн даргыг сонгох хуралд далдын хар хүч нөлөөлөв...
Өнгөрсөн даваа гарагт Ардчилсан намын Удирдах зөвлөл хуралдаж өчигдөр явагдсан ҮБХ-аар хэлэлцэх асуудлуудаа ярилцсан. Тэр үеэр бүлгийн даргын асуудлаа ч мөн хэлэлцсэн. О.Цогтгэрэл бүлгийн даргыг тусад нь өөр хүн хаших ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн гэж хэдэнтээ яриа өгч байснаараа хэлэлцүүлсэн байх. Ингээд нэр дэвшүүлэлт явагдаагүй байхад бүлгийн гишүүд хэнийг дэмжихээ ярилцаж олонх буюу 24 гишүүн Х.Тэмүүжин дээр тогтсон байгаа юм. Тэгсэн яг санал болгоод санал хураадаг дээрээ тулсан чинь Б.Пүрэвдорж гишүүн бүлгийн даргын асуудлыг хойшлуулах санал гаргаж нөгөө бүлгийн даргаа сонгох тухай ярьж байсан гишүүдийн дийлэнх нь хойшлуулах саналыг дэмжээд хойшлуулчхав. Өнгөц харвал өө эд нар бүлгийн даргын асуудлаа хойшлуулж байгаа юм байна гээд өнгөрч болохоор. Гэхдээ О.Цогтгэрэлийн гарч ирээд өгсөн яриа нэг л сэжиг бүхий байсан.
О.Цогтгэрэл “Бүлгийн олонх гишүүд намайг үргэлжлүүлээд бүлгийн даргаа хийгээд явах нь зүйтэй гэж санал нэгдсэн. Гэхдээ тодорхой хугацаатай тэр нь ҮБХ-ны хурлын дараа хүртэл” гэх маягтай юм яриад нүүр нь улалзаад өрөө рүү гээ одсон. Түүний ярьсан, байгаа байдал, тухайн үеийн гишүүдийн реакци зэргээс харахад яалт ч үгүй хор орсон нь гарцаагүй байлаа. Тэгсэн далдын хар хүч нөлөөлж ҮБХ-аар эхлээд С.Баярцогтыг батламжилсны дараа бүлгийн даргын асуудлаа ярь гэх чиглэл өгсөн байж. Яагаад гэвэл олонхын саналаар Х.Тэмүүжин бүлгийн дарга болчих юм бол С.Баярцогтод тээг болох нь гарцаагүй байсан юм. Ганц С.Баярцогтод тээг болоод зогсохгүй далдын хар хүчинд ч гэсэн нөлөөлөх оролдлого хийнэ гэж бодон сандарсан байх. Х.Тэмүүжин С.Баярцогтыг ЕНБД болгох тал дээр анхнаасаа эсэргүү саналтай байсан.
Ер нь далдын хар хүч гэж хэнийг хэлээд байгаа юм гэж үү? Монголд ганц л хүчтэй хүн байгаа. Мэдээж тэр нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. МАН доторх улс төрөөс бид хангалттай ойлгосон. Х.Тэмүүжин Ерөнхийлөгчийн эрхийн талаар байнга шүүмжилж явдаг. Ер нь Ерөнхийлөгч ч гэлтгүй бидний төрийн гурван өндөрлөг гэж үг зохиож шүтдэг болтлоо давраасан Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын зарим нэг эрхийн талаар шүүмжилдэг. Хэрвээ бүлгийн дарга болох юм бол богинодоо С.Баярцогтод саад, холдоо Ерөнхийлөгчид гай болно. Тийм учраас далдын хар хүчийг давж чадаагүй юм болов уу.
С.Баярцогт Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр Ардчилсан намын ЕНБД болчихсон юм уу?
Женкогийн тал гэгддэг гишүүдээс гадна Ардчилсан намын эрээ цээргүй лайвчин Д.Мөнх-Эрдэнээс эхлээд С.Баярцогтыг ЕНБД-аар томилогдох тал дээр эсэргүүцэж байсан. Гэхдээ өчигдөр тэд бүхнийг хүлээн зөвшөөрч С.Баярцогтыгоо магтан дуулж байв. Ингээд С.Баярцогт нийт ҮБХ-ны гишүүдийн 60 гаруй хувийн саналаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдох нь тэр. Оюутолгойн гэрээ, оффшор бүс дэх мартсан ам.доллар зэрэг нь л түүний улс төрийн замналыг үгүй хийж хойш татсан болохоос биш намдаа нэр хүндтэй улс төрч юм. Гэхдээ түүний эргэн ирэлтийг Ерөнхийлөгчтэй холбох хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт намын нөхөд нь дотооддоо ил далдаар ярьж байх юм. Хоёрдугаарт Л.Оюун-Эрдэнийн ярилцлагынхаа үеэр дурдаж байсан "С.Баярцогтыг Ерөнхийлөгч болгохоор тохирсон" гэдэг үг сануулав. Гуравдугаарт тэртээ хэдэн мянган жилийн өмнө гэдэг шиг тэртээ олон сарын өмнө нэг бичвэртээ. https://graph.mn/news/4220 Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг Ардчилсан намд өгөх дээр гар барьсан тухай бичиж байлаа. Дээрх шалтгаануудын зураглал ингэж эхэлж байж магадгүй юм. С.Баярцогт намын Ерөнхий нарийн бичгийн даргын дүрээр улс төрд эргэн ирж намынхаа нөхдийг жил чирээд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө. МАН ч өрсөлдөөд сүйд болохгүйгээр тавьж өгнө. Тэгээд гарцаагүй Ерөнхийлөгч болно. Гэхдээ түүний эрх мэдэл хэн нэгний өндөр дуугаар хязгаарлагдана. Нөгөө талдаа О.Цогтгэрэлийн 2028 онд Ардчилсан намыг ялуулах алсын бодлого нь эхлээд Ерөнхийлөгчөө яаж ийгээд авчихвал гэсэн үзүүрт ч бас байгаа байх. Үг сөрөхгүй байж байгаад эрх мэдлээ авсан хойно далаар нь тавих бодол тээгээд... Өөр таамаг байгаа бол тэр нь О.Цогтгэрэл үнэхээр далдын хүчийг давж чадахааргүй болж хэлсэн үг бүрийг нь биелүүлдэг гэх л таамаг байна. Үнэний ортой ганц зүйл нь бидний нүдэнд харагдаж байгаа шиг С.Баярцогт намаа аврах гээд гарч ирсэн олны захиалга бол биш. Урдаа барих улс төрчгүй болсон Ардчилсан намын нөхцөл байдлыг л эрх баригч нам сайн ашиглаж байна. Ард түмэн Ардчилсан нам 2027, 2028 оны сонгуулиа бодож С.Баярцогтыг ЕНБД-аар томиллоо гэж харж байгаа бол МАН харин ирэх сонгуулиа төлөвлөж түүний дүрийг сэргээх ажилдаа орсон байх.
Монголд хоёр хонгил байдаг. Нэг нь цагдаа, шүүхээр дамжаад хорих анги руу явдаг. Нөгөөх нь фейсбүүк, Х-ээр дамжаад олны шүлсээр бүрхсэн шүүмжлэлийн хар хонгил руу явдаг. Энэ хоёр хонгилын аль алиар нь алхаад үзчихсэн уг нь үзээтэй эр. Улс төрдөө ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас бусдаар байж болох бүхий л том албан тушаалыг хашаад үзчихсэн. Түүний эргэн ирэлт өнгөц харахад цэнхэр цамц өмсөөд Ардчиллын төлөөлөгч, хүүхнүүдийн краш намдаа авралын гараа сунгаж буй мэт ч өнгийгөөд харвал өөр өнгөтэй футболк өмсчихсөн зогсож мэдэхээр л юм. Улс төр тэгээд угаас тайзгүй л болохоос биш тэр чигтээ урлагийн тоглолт юм даа.
Ямартай ч мань хүн эхний даваагаа давчихлаа. Одоо хэн нь хэн юм бэ гэдгийг удахгүй өрнөх улс төр харуулах биз. Бүх зүйл харагдаж байгаа шиг ээ биш юм даа...
Сэтгэгдэл үлдээх